ДАВОС. /TASS/. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын /ДЭЗФ/ 50 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Швейцарын Давос хотноо өнөөдөр эхэлнэ. Хэдийгээр ажиглагчид дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлтийн хурдцын удаашралыг 2020 онд учрах гол аюулаар нэрлэсэн ч дэлхийн хэлэлцүүлгийн хамгийн том платформ болох уг уулзалтад оролцогчид энэ жил уур амьсгалын асуудалд гол анхаарлаа хандуулна.

Жил бүрийн эхээр болдог дэлхийн хэмжээний хамгийн том үйл явдалд оролцогчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаад 117 орны 3000 орчим төлөөлөгч, түүний дотор 53 орны төр, засгийн тэргүүн нар цугална. Чуулга уулзалтын хүрээнд нэгдүгээр сарын 21-нээс 24-ний хооронд 400 гаруй салбар хуралдаан явагддаг бөгөөд улс төрч, эдийн засагч, бизнес эрхлэгчид, эрдэмтэд зэрэг 600 гаруй хүн үг хэлдэг.

Засгийн газрын хямралын улмаас өнгөрсөн жил Давост хүрэлцэн ирж чадаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Германы Канцлер Ангела Меркель болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар энэ жил ДЭЗФ-ын индрээс дэлхийн нийтэд хандаж илгээлтээ хүргэнэ. Мөн хамгийн сүүлд 2009 онд Давосын чуулга уулзалтад оролцож байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцохоор болжээ.

Ойн 50 дахь удаагийн уулзалтыг “Эв нэгдэлтэй, тогтвортой энх тайвны төлөө талуудын ашиг сонирхол” гэсэн уриан дор зохион байгуулна.

Дэлхийн хамтын нийгэмлэг үндсэн гурван бэрхшээлийг даван туулахад нягтран нэгдэх ёстой гэж ДЭЗФ эхлэхээс хэд хоногийн өмнө нийтэлдэг дэлхийн өмнө тулгарч буй эрсдэлүүдийн тухай уламжлалт тайлан мэдээнд дурджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, кибер аюул занал болон эдийн засгийн тогтворгүй байдлыг ойрын 10 жилд хүн төрөлхтөнд хамгийн их аюул учруулах магадлалтай гэж ДЭЗФ-ын шинжээчдийн санал асуулгад оролцсон бизнес эрхлэгчид, улс төрчид үзжээ.

Охин ба уур амьсгал

Агуулгад нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусгасан чуулга уулзалтын бизнесийн хөтөлбөрийг Шведийн байгаль орчныг хамгаалагч, өдгөө 17 настай Грета Тунберг нээнэ. Мягмар гарагийн өглөө Грета охин нүүрс олборлоход оруулж байгаа хөрөнгө оруулалтаа зогсоохыг уриалах төлөвтэй байна.

“Сүүлийн таван жил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн халуун жил байх болно. Хар салхи, ган, түймэр зэрэг байгалийн гамшиг дунджаар долоо хоногийн давтамжтайгаар тохиох болсон” гэж ДЭЗФ-ыг зохион байгуулагчид эрсдэлийн талаарх тайлан мэдээндээ дурджээ. 2005 оноос хойш энэхүү тайлан мэдээг нийтэлж эхэлснээс хойш уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой аюул анх удаа хамгийн том аюулуудын эхний тавд орсон байна.

Зөвхөн амьтны ертөнц төдийгүй хүн төрөлхтөн өртөж болзошгүй биологийн олон янз байдал устах аюулыг шинжээчид ийм аюулуудын нэг гэж тодорхойлжээ. “Хүмүүс ч мөн хохирол амсаж байгаа билээ. Гэхдээ магадгүй тэгш бус хэмжээтэйгээр, жишээлбэл эмэгтэйчүүд, хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт амиа алдах нь эрэгтэйчүүдээс 14 дахин их байдаг” гэж шинжээчдийн судалгаанд тэмдэглэжээ. 2018 онд тохиолдсон байгалийн гамшигууд 165 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулсан бөгөөд үүний тал хувь нь даатгуулаагүй байсан гэж ДЭЗФ-ын шинжээчид тооцоолсон байна.

ДЭЗФ-ын судалгаанд оролцогчид эдийн засгийн уналтын эрсдэлийг хүн төрөлхтөнд 2030 он хүртэл учирч болзошгүй хамгийн том 10 аюулын есдүгээрт оруулжээ.

ДЭЗФ-ын судалгаанд оролцогчид АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зэрэг “тэргүүлэх гүрнүүдийн эдийн засгийн сөргөлдөөнийг” 2020 оны гол эрсдэлээр нэрлэсэн байна. 2019 оны эхний гурван улиралд дэлхийн ДНБ-ий тал хувийг бүрдүүлдэг хамгийн том эдийн засагтай долоон улсын зургаагийнх нь эдийн засаг саарсан гэж ДЭЗФ мэдээлж байна.

https://montsame.mn/mn/read/213304 Д.Жаргал

https://montsame.mn/mn/read/213304

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here