Өчигдөр Налайх дүүрэгт орсон хүчтэй аадар борооны үеэр 2 иргэн аянгад цохиулсны улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон байна.
Энэ тухай цагдаагийн байгууллагаас тодруулахад:
“Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд “ Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй эмэгтэй 2 иргэн аянгад цохиулснаас 1 иргэн нас барж, 1 иргэн гэмтэл авч, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдээллийг өглөө.
Мэргэжлийн байгууллагаас түр зуурын хүчтэй аадар бороо орохыг тухай бүр мэдээлж байна.
Иймд иргэд цаг агаарын мэдээг тухай бүр хүлээн авч болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас сэргийлэн, хол ойр зорчихдоо сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.