“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд өнөөдөр болж байгаа билээ. Тус форумд “Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан оролцож, бүсчилсэн хөгжлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрбээр “Би орон нутгийнханд хайртай. Иргэн бүр хүсэж мөрөөдөж, хөдөлмөрлөж хөгжил дэвшил гэдгийг авч ирнэ. Дарга ганцаараа хийгээд бусад нь доромжлоод байвал хөгжил хэзээ ч ирэхгүй.
Одоо хавар болж, цас хайлна. Хамгийн түрүүнд хотын хог, хир буртгаа бүх ААН, иргэн угааж, цэвэрлэх хэрэгтэй. Энэ дэлхий ертөнцөд бүгд эргэн тойрноо тохижуулж амьдарч байна.
Үүнийг шийдэж чадвал метро, онгоц явуулах нь дараагийн асуудал. Дэлхий дээр маш олон мөнгө, технологи байгаа. Хүнд зориулж байгаа. Тиймээс эхэлж хүнээ хариуцлагажуулах ажлыг хийх хэрэгтэй.
Х.Нямбаатар хотын дарга болоод тэгш, сондгой тоогоор замын хөдөлгөөнд оролцоно гэсэн чинь бүгд боож үхэх гээд хашхираад байсан. Тэгвэл больё, бүгд улсын дугаараараа чөлөөтэй яв. Хэр зэрэг хол, хэдэн өдөр явахыг нь хар.
Автобусны хулгай, луйвар дээрмийг гаргалаа. Луйврыг гаргахаар луйвардаад байна гэж уурлана. Гаргахгүй болохоор луйвар хийж байна гэж уурладаг. Сүүлийн үед нийтээрээ яг юу ярьж байгаагаа мэдэхээ больсон. Энэ ёс зүйгүй байдлыг цэгцлэх хэрэгтэй.
Энэ хотод зам барилга, гүүр, машин шийдэхээс илүү эхэлж бид ёс зүйтэй болох хэрэгтэй. Их хэрэлдэж, хов ярьдгаа болимоор байна.
Саяхан Хөх хот Улаанбаатараас долоон доор байсан. Бараг бохир нь ил урсдаг хот байлаа. Гэтэл өнөөдөр Хөх хот метротой болчихсон. Бидний нэг тасархай тэнд хөгжөөд байна” хэмээн ярив.