Метроны төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр 12:00 цагт зарлалаа.

Ингэхдээ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-ийн өмнө хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлаж тендер зарлажээ.

2024 онд метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын баг метро барих ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн. Харин олон нийт болон зарим мэргэжилтнүүд “Метроны асуудлыг богино хугацаанд, тийм ч амар шийддэгддэг асуудал биш” гээд нэлээд шүүмжлэлтэй хандаж буй. Гэсэн хэдий ч Х.Нямбаатараар удирдуулсан баг метроны төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах, зөвлөх үйлчилгээ авах олон улсын тендер зарлах товоо тогтжээ. Метроны төсөлтэй холбоотой эхний олон улсын тендерыг өнөөдөр нээхээр болсон.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Газрын наймаачдын захиалгаар нэг галзуу лайвчин гарч ирээд метро эсэргүүцэж байна. Энэ Монгол Улс хөгжчих вий, дээшлээд дэвшчих вий гэсэн атгаг санаатнууд, элдэв эрх ашиг нь хөндөгдсөн хулгайч нар гадна дотны захиалгаар над руу дайрч давшилж байна. Энэ хавар энэнээс ч илүү юм үзэх юм шиг байна. Энэ мэт нь намайг мохооно гэвэл бүтэхгүй гэдгийг хэлье!

Метро барьчихвал Монгол Улс сүйрнэ дампуурна гээд байгаа хүмүүст хэлэхэд, метрог бид өөрсдөө барихгүй. Гадаадын инженерингийн компани ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж тендерээр шалгарсан гадаадын гүйцэтгэгч компанид хяналт тавьж бариулна.

Jica-гийн ТЭЗҮ хийж байх үеийн Улаанбаатар хотын эдийн засгийн чадамж тэр үеээ бодвол дээшилсэн. Санхүүжилтийг нийслэл хот өөрөөсөө шийднэ. Жайкагийн судалгаагаар Улаанбаатар хотын метро ашигтай байхаар тооцоолол гарсан.

Нийтийн тээвэр хөгжсөнөөр санхүүгийн ашгаас илүүтэй хотын эдийн засаг тэлэх, цаг хугацаа хэмнэх, түгжрэлээс үүдэлтэй цаг минут бүхэнд алдагдаж буй боломжыг зогсоох гэх мэт илүү өргөн хүрээнд ашиг тусаа өгнө.

Ер нь тэгээд хийе гэсэн хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно. Энэ сарын 29нд эхний нээлттэй олон улсын тендерээ зарлана” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here