Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 1 сарын дүнгээр 1765.7 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. Экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн дүн юм.
Экспортод нийлүүлсэн барааны 99.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам.доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлсэн байна. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлжээ.
2023 оны эхний 1 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 99.9 хувийг Туркэд, самнасан ноолуурын 92.9 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 77.2 хувийг эзэлж байна.
Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцарьт 11.3 хувь, Сингапур-т 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна. Импортоор нийт 688.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 131.5 сая ам.доллараар буюу 23.6 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 2.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.2 хувийг реимпорт эзэлжээ.