
Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд тавигдах шаардлага хангасан 2407 иргэн өнөөдөр сорилын шалгалт өгч байна. Шалгалт 2 өдөр үргэлжилж, ажлын байр тус бүрд тестийн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх хүнээс ярилцлага авах юм.
Тестийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн шалгалтын системээр зохион байгуулж буй бөгөөд тус систем нь Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагаар баталгаажжээ.
Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, ил тод болгох ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нийт 71 ажлын байранд давхардалгүй тоогоор 2,955 иргэн анкетаа ирүүлсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудыг мэргэшсэн хүний нөөцөөр хангах, чадварлаг баг бүрдүүлэхэд анхаарч байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК-иас эхлэн шинэ жишиг тогтоож, ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалт хийх боломж бүрдүүлж байгаа бөгөөд цаашид төрийн өмчит компаниудад ямар нэг хүнд суртал, улс төрийн нөлөөллөөр ажилд ордог биш шударга, ил тод сонгон шалгаруулалт явуулдаг журам гаргахаар төлөвлөжээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 34 аж ахуйн нэгж харьяалагддаг. Иймд компанийг группийн зохион байгуулалтаар ажиллах боломжийг нээж, цаашид томоохон төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах, охин компаниудын засаглал, менежментийг сайжруулж, хүний нөөц, худалдан авалтын бодлогыг нэгдсэн байдлаар явуулахыг зорьж байна.