Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-35” наадмын товыг зарлалаа.
Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт 2023 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Улсын филармонийн байранд болох юм байна. Тус наадамд мэргэжлийн хөгжмийн зохиолчид, ая зохиогч, яруу найрагч, дууны шүлэг сонирхогчид оролцох боломжтой. Наадамд оролцуулах дууны бүтээлийг 2022 онд зохиосон байх бөгөөд сэдэв хамаарахгүй аж.
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулдаг тус наадам нь 1987 оноос хойш олны хүртээл болж, анхны “Морин хуур”-ын эзнээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж “Монгол далай” дуугаараа тодорч байсан бол дараа жилийнх нь наадамд Б.Магсаржавын “Зүүдэн бороо” дуу тэргүүлж байжээ.
Харин өнгөрсөн жилийн наадмын Гран при” шагналыг Гавьяат жүжигчин, дуучин Э.Анхбаярын дуулсан “Жаргал дүүрэн эх орон” дуу хүртсэн. Энэ дууны аяыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг нь Ц.Баярхүү зохиосон юм.