“Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг олон сорилт бэрхшээл тулгарч байгаа ч аялал жуулчлалын салбар энэ онд эрчимтэй сэргэнэ хэмээн урьдчилан төсөөлж байна” гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.
Испанийн нийслэл Мадрид хотноо төвтэй тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд энэ эрчээрээ өссөөр байвал 2023 онд ерөнхийдөө бүрэн сэргэж, жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 80-95 хувьд хүрч өсөх төлөвтэй байгаа аж.
Дэлхийн жуулчдын тоо 2022 онд өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэж, Ойрхи Дорнод, Европт огцом өсөлт ажиглагдсан талаар НҮБ-ын аялалын жуулчлалын төрөлжсөн агентлагийн шинэ тайланд тэмдэглэжээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2022 онд дэлхийн олон улс орон коронавирусний халдварын тархалттай холбогдуулан тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдээ сулруулсантай холбоотойгоор 900 сая гаруй жуулчин хилийн чанадад аялсан байна.
Энэ нь цар тахлын өмнөх үеийн 63 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2019 онд 1.5 тэрбум орчим хүн олон улсад аялжээ. Харин 2021 онд ойролцоогоор 455 сая хүн аялж жуулчилсан гэж тайланд дурджээ.