Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болохоор зорин ажиллаж байна. Үүний хүрээнд салбарын сайд, удирдлагууд БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.
Манай улс Far East University-тэй хамтран нисэхийн сургууль байгуулж, дотооддоо нисэхийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээр зорьж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээхээр төлөвлөж байна. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм. Энэ ажлыг МУ-ын ЗГ-ын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын ЗГ-аас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байна. Үүний үр дүнд дотооддоо нисэхийн боловсон хүчин бэлтгэх суурь тавигдахаас гадна агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана гэж харж байгаа юм.
Мөн Монгол Улс БНСУ-ын Алс дорнодын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нислэг дадлагын төв байгуулахад хамтран ажиллахаар хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ манай улсын иргэний нисэхийн салбарт эрэлттэй байгаа том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм. БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн зүгээс нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгаагаа онцолсон.