Япон Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх үүднээс төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, Японы Элчин Сайдын Яамны Дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөх Г.Энхжаргал нар Баянзүрх дүүрэгт ажиллаж, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяртай уулзаж мэдээлэл солилцлоо.
Баянзүрх дүүрэг бусад дүүргээс анх удаа дунд хугацааны бодлогын бичиг баримт “Хөгжлийн зураглал 2030”-ийг боловсруулж, төсөв хөрөнгөө үр ашигтай зарцуулах мастер төлөвлөгөө боловсруулсан нь чухал гэдгийг Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши онцлоод “Энэхүү бодлогын баримт бичигт туссан олон ажлыг хийж хэрэгжүүлэхэд дан ганц төрийн оролцооноос гадна хувийн хэвшлийн олон улсын байгууллагуудад санал тавьж, хамтран ажиллах нь илүү үр дүнтэй” хэмээн хэллээ.
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр Япон улстай хамтран ажиллах талаар,
• Манай дүүрэг Япон улсын муж, дүүрэгтэй хамтын ажиллагаатай болох сонирхолтой байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавих
• “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг боловсруулсны нэг жилийн ой ирэх оны 4 дүгээр сарын 15 нд тохионо. Энэ үед бид олон улсын форумыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү форумд Японы Элчин Сайдын Яамнаас зочин илтгэгч оролцуулах
• Хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох хамтарсан баг байгуулах зэрэг санал тавилаа.
Япон Улсын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши дээрх саналуудыг Япон Улсын Засгийн газарт уламжлан хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.