Санхүүгийн зохицуулах хороо нь тэжээвэр, мал амьтадтай иргэдэд зориулсан гэнэтийн ослоос үүдэн амь эрсдэх, гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл болон нэр заасан өвчнөөс үүдэлтэй эмчилгээний зардлын хамгаалалт нөхцөл бүхий “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг 2022.01.31-нд бүртгэсэн байна.
Энэхүү даатгалын бүтээгдэхүүн нь тэжээвэр амьтны гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг бууруулах болон түүний эзэмшиж буй эзний хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд 220-250 мянган өрх гэртээ тэжээвэр амьтан тэжээдэг судалгаа байдаг ч хүмүүсийн хариуцлагагүй, буруутай байдлаас үүдэж албан бус тоогоор 300-320 мянган нохой, муур гудамжинд орон гэргүй, эзэнгүй хаягдсан гэсэн тоо баримт байна. Тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага бий болсон энэ үед даатгалын зах зээлд “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ын бүтээгдэхүүнийг шинээр бүртгүүлж, зах зээлд ийнхүү борлуулахаар бэлэн болсон байна