Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Налайхын Их уурхайд насаараа ажилласан Дашийн Орги гуайг Монгол Улсын Гавьяат уурхайчин цол тэмдэгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.

Дашийн Орги нь 100 жилийн түүхтэй Налайхын уурхайд слесарь, засварчнаар ажлын гараагаа эхэлж, улмаар хэсгийн механик, ерөнхий цахилгаанчин, Ерөнхий механик, их уурхайн дарга хүртэлх хариуцлагатай ажлуудыг гүйцэтгэж байсан ахмад уурхайчин юм. Мөн тэрбээр Налайх дүүргийн МАХН-ын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн бөгөөд эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан гавъяа зүтгэл, залуу хойч үедээ үзүүлсэн үлгэр дуурайлал, хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлж, Монгол Улсын Гавьяат уурхайчин болж байгаа нь Налайхын их уурхайгаас төрсөн 14 дэх Гавьяат болохыг Шадар сайд энэ үеэр онцлон тэмдэглэв. Эх орны хөгжил дэвшил, үйлдвэр уурхай, бүтээн байгуулалтын ууган голомт Налайхын их уурхайгаас 9 Хөдөлмөрийн баатар төрөн гарсан байдаг. Гавьяат уурхайчин Д.Орги “Биднийг анх уурхайд илгээлт аваад очиход нэг ч даргын хүүхэд, танил тал байсангүй. Бүгд л эгэл бор амьдралтай ажилчид эх орны өнцөг булан бүрээс цуглаж байлаа. Уурхайн ажил хүнд хэцүү, хүнээс асар их тэвчээр, хатуужил шаарддаг. Манай уурхайчид өөрсдөө тэгж хөдөлмөрлөхийн сацуу үр хүүхдээ ч тэсвэр, хатуужилтай өсгөж хүмүүжүүлдэг байсан. Энэ ч үүднээс одоо манай уурхайчдын үр хүүхдүүд, ач зээ нарын дундаас олон алдар гавьяатнууд, төрийн түшээд, бизнесийнхэн төрж байна. Жишээ нь, одоо энэ Шадар сайдын аав Сайнбуян гуай бид хэд мөр зэрэгцэн ажиллаж байсан эгэл жирийн уурхайчид. Гэтэл хүү нь өнөөдөр Төр түшилцээд явж байгааг харахад бахархалтай байна. Ажил хөдөлмөр хүнийг ингэж л төлөвшүүлж хүмүүжүүлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.





