• АНХ УДАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХИЙВ

Иргэний нисэхийн салбарынхан түүхэндээ анх удаа олон улсын нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

Иргэний нисэхийн салбарын түүхэн том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх  бэлтгэл ажлыг ханган ажиллах Засгийн газрын даалгаврын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдаар “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэв.

Нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс ИНЕГ-ын даргын тушаалаар “Буянт Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулан ажилласан бөгөөд
тус төвийн гишүүд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 04 ний өдрүүдэд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд байрлан ажиллаж, нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажлыг хангуулан, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэйгээр нүүлгэх ажлыг агаарын тээвэрлэгч байгууллагууд болон хил, хилийн хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм

  • ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЯПОНЧУУД КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР ХАРИУЦНА 

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орлоо. Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

Шинэ нисэх буудлын менежментийг Монгол Улсад анх удаа хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан ажиллаж эхлэв.

Хэдийгээр дэлхий дахинд Ковид-19 цах тахлын аюул нөмөрч, хүнд цаг үе байгаа хэдий ч Монгол Улс агаарын тээврийг сэргээх чиглэлээр хүчин чармайлт гарган Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэнд Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага баяр хүргэлээ.

  • НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ШИНЭ ЦАМХАГ АШИГЛАЛТАД ОРОВ

Цоо шинээр бүтээн байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ цамхаг ашиглалтад орлоо.

Нислэгийн хөдөлгөөний шинэ цамхаг нь нийт 1086 м 2 талбай бүхий 38 м өндөртэй, 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн 360 хэмийн харагдац бүхий нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 ажлын байр, радио холбооны болон ажиглалтын систем, аэронавигацийн тоног төхөөрөмжийн алсын удирдлага, цаг агаарын автомат системтэй шинэ цамхаг 24 цагт 5 ээлжээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.

  • АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭД ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИОР ОНГОЦ СУМЛАЖ ҮЙЛЧИЛНЭ

Үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудалд орчин үеийн шинэ технологиор онгоц сумлаж эхэллээ.

Нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад нэн тэргүүн анхаарах ёстой асуудлуудын нэг нь агаарын хөлөгт аюулгүй, найдвартай шатахуун сумлах ажлын гүйцэтгэл байдаг бөгөөд шинэ нисэх буудал дахь шатахуун хангамжийн байгууламж нь нэгэн зэрэг гурван агаарын хөлөг сумлах  хүчин чадалтай юм.

Мөн шатахуун хангамжийн байгууламж нь тус бүр 2000 м/куб багтаамжтай 4 ш нөөцлөх савтай, терминалын 6 зогсоолд гидрант системтэй,  1 худаг нь 1 минутад 1000 галлон буюу 3780 литр хүртэл шатахуун шахах боломжтой. 

Шинэ нисэх буудлын шатахууныг шинжлэх орчин үеийн технологи бүхий иж бүрэн лаборатори ажиллаж байна.

  • МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙД АЖИГЛАЛТЫН ADS-B СИСТЕМИЙГ БҮРЭН НЭВТРҮҮЛЭВ

Монгол улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг бүрэн ашиглаж эхэллээ.

Агаарын навигацийн үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн төслийн үр дүнд эдүгээ нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд 7 иж бүрдэл ажиглалтын радиолокаторын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 4 ажиглалтын удирдлагын бүсэд үйлчилгээ үзүүлж байна. 

2013 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан ажиглалтын системийг нэвтрүүлэх, ажиглалтын тоног төхөөрөмжийн хамрах хүрээг өргөтгөх, ажиглалтын системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийт 10 иж бүрдэл dual ADS-B станц, 2 иж бүрдэл single ADS-B станцыг суурилуулан ашиглаж байна.

  • “БУЯНТ-УХАА” НИСЭХ БУУДЛЫН АШИГЛАЛТЫГ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалт буюу нисэхийн чиглэлээр ашиглахаар шийдвэрлэлээ.

“Буянт-Ухаа” нисэх буудлын үйл ажиллагааны цар хүрээ буурч, арилжааны нислэг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн болон ерөнхий зориулалтын нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байх юм.  

Засгийн газраас “Буянт-Ухаа” нисэх буудлыг үндсэн зориулалт буюу нисэхийн чиглэлээр ашиглах, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, нислэгийн үйл ажиллагаанд зориулан ашиглуулах, цаашид үндсэн нисэхийн үйл ажиллагааг тогтвортой явуулж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс тус нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.  

  • ИНД-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН 3 ДУГААР АЯНЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭВ

Манай улс анх 2000 онд Шинэ-Зеландын Иргэний нисэхийн дүрэм/ИНД/-ийг жишиг болгон боловсруулж, ICAO-гийн шаардлагад нийцсэн олон улсын иргэний нисэхийн эрх зүйн нийтлэг зохицуулалтад шилжсэн байдаг.

2015 он хүртэл иргэний нисэхийн салбарт мөрдөж байсан ИНД-үүд нь Монгол Улсын агаарын тээврийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байсан тул 2016 оноос ИНД-ийн шинэчлэлийн 3 дугаар аяныг эхлүүлж, Чикагогийн конвенц болон Иргэний нисэхийн тухай хуулийн шаардлагад нийцсэн 48 ИНД-ийг боловсруулах ажлыг иргэний нисэхийн салбарын 80 гаруй шилдэг нисгэгч, инженер, нислэгийн хөдөлгөөний удирдагч болон мэргэжлийн ажилтнуудын оролцоотойгоор 2021 онд бүрэн хийж гүйцэтгэлээ.

Ингэснээр олон эх үүсвэрээс авсан, үйл ажиллагаанд тохирдоггүй ИНД-үүдийг нэг эх үүсвэртэй, уялдаа холбоотой, ойлголтын зөрүүгүй ИНД болон Зөвлөмжийн цуврал, Маягтаас бүрдсэн цогц баримт бичиг болгосны зэрэгцээ өмнөх ИНД-ийн зохиомол, хэт чангаруулсан, үйл ажиллагааг боомилсон заалтуудыг иргэний нисэхийн үйл ажиллагааны цар хүрээ, төрөлд тохирсон, хэрэгжих боломжтой нэгдмэл байх гэсэн ICAO-гийн шаардлагад нийцүүлж, нэр томьёо, хэллэгүүдийг өөр өөр олон утгаар орчуулан хэрэглэж байсан дутагдлыг засаж, ИНД-үүдэд нэгдсэн нэг утгаар орчуулан хэрэглэдэг болсноор үйл ажиллагаа эрхлэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, тодорхой боллоо.

  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСЭД ШИНЭ НИСЭХ БУУДАЛ БАРИГДАНА

Хэнтий аймгийн Дадал суманд “Дэлүүн болдог” шинэ нисэх буудал барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төрийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ-аас Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг 2016 оноос хийж эхэлсэн бөгөөд энэхүү төлөвлөлт нь Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдуулсан бүтээн байгуулалт болж буй.

Дэлхий даяар цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, аялал жуулчлалын эрчимтэй хөгжилд улс орнууд бэлтгэж байгаа энэ үед манай улс ч иргэний нисэх, аялал жуулчлалын салбарыг сэргээх, ялангуяа Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо урьдынхаас нэмэгдэх хандлагатайг тооцоолж Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.

Мөн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл” хэрэгжиж эхэлсэн ба төслийн хүрээнд Хэнтий аймгийн Чингис хотод 2200 м урт хөөрч буух шороон зурвас, зорчигч үйлчилгээний барилга, техникийн барилга байгууламжийн хамт баригдана.

  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТОМООХОН ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГТАД ОРОВ

Иргэний нисэхийн салбарын ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажлууд дуусаж, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн баярын өдрөөр иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүдэд зориулан бүтээн байгуулсан хүүхдийн цэцэрлэг үүдээ нээж, Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар болон ажиллаж эхэллээ.

Хотын төвөөс зайдуу оршдог, ажилдаа ирж, очихдоо багагүй цаг хугацааг замд өнгөрөөдөг иргэний нисэхийн салбарын бага насны хүүхдүүдтэй ажилчдад хүүхдээ харж хандах асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс салбарын ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан 210 ортой цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан юм.

Мөн ИНЕГ-аас ажилчдынхаа эрүүл чийрэг байх, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл бололцоог нь хангах үүднээс иж бүрэн Спорт цогцолбор барьж байгуулсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааг нь туршилтаар эхлүүллээ.

Салбарын ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулах энэхүү спорт цогцолбор нь спорт заал, том хүний болон хүүхдийн усан бассейн, фитнес, чийрэгжүүлэлтийн танхим гээд иж бүрэн спортын барилга байгууламж юм.

  • ЕВРОПЫН ХОЛБООНЫ АУДИТ ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГАГДАВ

Иргэний нисэхийн салбарынхан аюулгүй байдал, хяналтын чиглэлээ Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-ны аудит шалгалтад амжилттай шалгагдлаа.

Монгол Улсын агаарын тээврээр олон улсад илгээгдэж байгаа ачаа, шуудангийн аюулгүй байдал стандарт, шаардлагад хэрхэн нийцэж байгаад Европын холбооноос аудит шалгалт хийж гэрчилгээ олгодог бөгөөд уг шалгалтыг 2019 онд хийж ACC гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон юм. 

Нисэх буудлын үйл ажиллагаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд шилжин байршсантай холбогдуулан IATA-гаас хийсэн АСС3 давтан аудит шалгалтад Аюулгүй байдал, хамгаалалтын алба ачаа шуудангийн үзлэг шалгалт, албаны үнэрч нохой, камерын хяналтын чиглэлээр шалгагдаж, амжилттай дүн үзүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here