Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр боллоо.
Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгахаар болов. Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар суманд тогтоосон зэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 06.00 цаг хүртэл 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл болон дээрх аймгуудад гурав хоногийн хугацаа дуусмагц Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлэх юм. Төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллах горим, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах хүрээг тогтоон, халдвар хамгаалал, хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг бүх шатны Онцгой комисст үүрэг болголоо.
Даваа гарагаас 34 төрлийн үйлчилгээний газар хэвийн ажиллаж эхэлнэ
2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс нийслэл хот Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цагт ажиллана. Шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд оруулахыг зөвшөөрлөө.
Одоо хэвийн ажиллаж байгаа салбар:
– Эрчим хүч
– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
– Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
– Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
– Банк, санхүү, хөрөнгийн бирж
– Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
– Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
– Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
– Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
– Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
– Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
– Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
– Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
– УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
– Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
– Оршуулга
2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хэвийн ажиллах газар:
– Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
– Барилгын материалын худалдаа
– Модны зах
– Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/
– Ресторан
– Кафе /тусгай нөхцөл шаардана/
– Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/
– Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
– Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
– Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар
– Хими цэвэрлэгээ, угаалга
– Гэрэл зураг
– Айл нүүлгэх үйлчилгээ
– Эд бараа түрээслэх үйлчилгээ
– Нийтийн бие засах газар
– Барьцаалан зээлдүүлэх газар
– Авто засвар /агрегат, кузов/
– Дугуй засвар
– Автомашины угаалга, доторлогоо
– Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа
– Авто зогсоол
– Нийтийн байрны үйлчилгээ
– Барилга засвар
– Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/
Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
– Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
– Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
– Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
– Үсчин
– Амралт, жуулчны бааз
– Зочид буудал
– Дэн буудал
– Түргэн үйлчилгээний цэг
– Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Тусгаарлалтын 21 хоногийг 14 болгожээ
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгожээ. Эхний 14 хоногт хоёр, гэрээр тусгаарлагдах үед нэг удаа шинжилгээ авах юм байна. Тусгаарлалтын хоногийг энэ сард тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдээс эхэлж мөрдөх болжээ. Улсын онцгой комисс 2020 оны 12 дугаар сарын 16-нд Франкфурт, 12 дугаар сарын 20-нд Токио, 12 дугаар сарын 25-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхийг зөвшөөрчээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв
“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид болон Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг биелүүлж байгаа иргэдэд талархал илэрхийлэв. Хөл хорионы дэглэмийг бууруулж Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал байгааг тэмдэглэв. Хүн бүр амны хаалт зүүх, хоорондын зай барих, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, дархлаагаа дэмжих зэргээр өөрсдийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалахад онцгой анхаарах цаг ирж байгааг хэлэв. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эрсдэлийг 10 дахин бууруулж, голомтуудыг хяналтад авсан, халдвар авсан хүний тоо цөөрсөн, 557 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн, экспортын гарцуудаа хянаж эдийн засгийн гол судсуудаа хамгаалсан зэргийг харгалзан хорио цээрийн дэглэмийг сулруулахаар болжээ.
Цаашид:
1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах
2. Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх
3. Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байх
4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах
5. Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах
6. Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсээд байна. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шимтгэлээ ногдуулж тайлагнасан ч хуульд заасан хугацаанд төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Төсөл батлагдсанаар 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөнө.
Товч мэдээ
– “Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахтай холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
– “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гаргана. “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн зсгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн зургаан бодлого, 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээ хэрэгжүүлнэ.
– Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ онд мал, тэжээвэр амьтдын тооллого явуулахгүй. Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.