Сонгуулийн тухай хуульд заасанчлан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдын боловсролд зориулсан контент бэлтгэх үүрэг хүлээж буй. Бид энэ хүрээнд нийтлэх цуврал контентын эхний дугаарыг танд хүргэе. “Глоб” интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

-Намууд, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө цухуйлгаж эхэллээ? Энэ үед сонгогчид юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?
-Улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг яаж тайлж унших вэ гэдэг нь сонгогчдын боловсролын чухал хэсэг. Мөрийн хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд засгийн эрх барих тухайн намыг чиглүүлэх зам гэж ойлгож болно. Зам гараатай, бариатай байх ёстой. Одоогийн эрх барьж буй намын бариа нь ямар байна вэ гэдэгт дүгнэлт хийж, цаашид ямар гараагаар эхлэх гэж буйд ухаалаг хандах цаг ирлээ.

Мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэйгээ хийж буй гэрээ гэж ойлгож байгаа нь их цөөн байх шиг. 

Сонгуулийн насны бүх хүнд намын мөрийн хөтөлбөр буюу бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх чадвар тэр бүр байхгүй. Баабарын хэлдгээр “Долоон буудлын Должин эмээ”-д ч ойлгомжтой, энгийн байдлаар хүргэх ёстой шүү дээ. Үүнд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг өндөр юм. 

Тухайн нам, нэр дэвшигч улс орныхоо үнэт зүйлсийг юу гэж тодорхойлж буй нь  чухал. Үүнийг иргэд маш сайн анхаарах ёстой. Улсын төрийн талаас нь үзвэл сонгогчдын саналыг авахын тулд тэд мөрийн хөтөлбөрийг татах хүч болгож хэрэглэж байна л даа. Энэ утгаараа мөрийн хөтөлбөрүүд маркетингийн идэвхжүүлэлтийн хөтөлбөр шиг харагдаж байна. Олон нийтийн саналыг авахын тулд популист маягаар, хүний санаанд оромгүй амлалт өгч буй нь тухайн улс төрийн хүчний/нам/ төлөвшил ямар байгааг давхар харуулж байна. Мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэйгээ хийж буй гэрээ гэж ойлгож байгаа нь их цөөн байх шиг. 

-Монголчууд олон сонгуульд оролцлоо. Сонгогчдын боловсрол дээшилж байна уу?
-Сонгогчдын боловсрол маш доогуур түвшинд байна. Нэр дэвшигчид нь ч сонгууль, иргэдийн оролцоо гэж юу болохыг мэдэхгүй байгаа нь харагддаг. Жишээ дурдъя л даа. Өмнөх сонгуулийн сурталчилгааны үеэр нэг нэр дэвшигч “Та нар дөрвөн жилд нэг олдож буй төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн Хуулиар олгогдсон боломжоо битгий алдаарай” гэж хэлж байна.

Тухайн нам, нэр дэвшигч улс орныхоо үнэт зүйлсийг юу гэж тодорхойлж буй нь  чухал. Үүнийг иргэд маш сайн анхаарах ёстой.

ҮХ-ийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”гэж бий. Энэ зөвхөн санал өгөхийг хэлж байгаа юм биш. Иргэд аливаа буруу үйлдлийг шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хяналт тавих, хууль, бодлогын баримт бичиг боловсруулахад саналаа өгөх зэрэг олон төрлийн оролцоог багтааж буй юм.

Бидний нийтлэг үнэт зүйл юу вэ гэдгийг намуудын мөрийн хөтөлбөрөөс олж харахад их төвөгтэй.

Тэргүүлэх чиглэл нь маркетингийн төлөвлөгөө шиг юм биччихдэг. Өнгөрсөн сонгуулийнхыг эргэн санавал

МАН:
Иргэдээ ядуурлаас аварч,
Эдийн засгаа хямралаас гаргаж,
Эх орноо өрнөөс салгаж
Төрийн дампуурлыг засаж
Тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоож чадна, бид хамтдаа

АН:
Ажил орлоготой Монгол хүн
Эрдэм боловсролтой Монгол хүн
Аюулгүй орчинтой Монгол хүн
Эрх чөлөөт Монгол хүн

Бодлогын баримт бичиг уриа лоозон мэт ингэж эхэлдэг. Цааш нь харвал, ядуу ард түмнээрээ даажигнаж байгаа мэт, бүтэшгүй амлалт өгдөг. 

Зээлээ нэг удаа тэглүүлчихлээ. Гэсэн ч миний амьдрал яаж дээшлэв гэдгээ тунгаан бодох нь чухал.

Сонгууль бол улс төрийн намуудтай хийх тооцоо юм. Чи юу  амласан бэ, хэрэгжүүлсэн үү? Өнгөрсөн дөрвөн жилд миний амьдралд яаж нөлөөлөх вэ? Эргээд үүнийг яаж тооцох вэ гэдгийг нэн тэргүүнд бодох нь чухал.  Тэр дундаа миний аж амьдрал, ялангуяа амьдралын чанар яаж дээшлэв?

Тухайлбал тэтгэврийн насныхан, миний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Зээлээ нэг удаа тэглүүлчихлээ. Гэсэн ч яаж миний амьдрал дээшлэв гэдгээ тунгаан бодох нь чухал. Монгол хүн эх орондоо аз жаргалтай, сайн сайхан, эрх чөлөөтэй байх нь амьдралын чанар. Мөн яригдах  ёстой гол сэдэв бол чинээлэг давхаргын л асуудал.

Бидний 30 хувь нь ядуу байна. Үүнийг яаж бууруулах тухай л ажиллах ёстой. Гэтэл улс төрчид санал яаж худалдаж авах тухай л толгойгоо ажиллуулаад байх шиг. Сонгуулийн үеэр таны хүслээс үл хамааран урилгагүй зочид гэрт түрээд л ороод ирнэ. Энэ үед зурагттайгаа хэрэлдээд суух биш нам, нэр дэвшигчдийн уулзалтын үеэр иргэд сайн асуух хэрэгтэй. Сонгогч бүхэнд асуулт байх ёстой.

Тухайлбал, цэцэрлэг барина л гэдэг. Ямар хөрөнгөөр шийдэхийг асуу. Төсөвт оруулна гэж хариулна л даа. Үүнийг нэр дэвшигч ганцаараа шийдэхгүй, хэлэлцэж байж шийддэг. Хэрэгжүүлэх явц нь зөвхөн тэр хүнээс шалтгаалах уу зэргийг бод. Дараагийн чухал зүйл бол “Хэр хөрөнгөтэй хүн бэ” гэдгийг заавал асуу. “Би баян. Өөрийгөө аваад явчих дайны хүн гэдэг”. Тэгвэл түүнд улс төр рүү зүтгэх ямар хэрэг байгааг асууж болно шүү дээ.

-Сонгогчдын боловсролыг дээшлүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Албан боловсролын хүрээнд хүн бүрт багаас нь ЕБС-д заах ёстой юм. Засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэж юуг хэлээд байна вэ гэдгийг заахаас эхэлнэ. АНУ-д л гэхэд сонгууль гэж юу вэ гэдгийг нэг хоёрдугаар ангиас нь амьтдыг оролцуулан заадаг. Норвегийн нэг намын хөтөлбөрт “бид мэдлэгийг бүх нийтэд олгохыг гол боломж гэж үзнэ” гээд хүүхдийн боловсролоос илүү чухал зүйл гэж байхгүй” гэсэн байв. Мөн хүчтэй иргэдтэй байх чухал. Энэ бол тогтвортой хөгжлийн тулгуур юм.  Мэдээлэл иргэнийг хүчирхэг болгоно гэж үздэг.

Жинхэнэ амлаж, хийх ёстой гол ажил бол суурь боловсролын чанарыг нийтэд нь дээшлүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Одоо элит давхаргыг дэмжсэн сургалтын хөтөлбөр давамгай байна. Дараагийн гол асуудал бол авилгагүй улс орон болохын тулд БИД хаа хаанаа эрвийх дэрвийхээрээ зүтгэх ёстой.

Сонгогчдод зөвлөхөд, нам, нэр дэвшигчдийн төлбөртэй сурталчилгаанд хууртах хэрэггүй. Нэг хэсэг манайхан төлбөртэй цагаа нэг нэгнээ “намнахад” зориулдаг байсан.

Авлигад өртсөн улс орон тусгаар тогтнолоо алдахад ойрхон байдаг. Үүний наана дотооддоо эмх замбараагүй байдал үүснэ. Үүнээс сэргийлэхийн тулд мэдээлэл ил тод байх ёстойг сонгогчид маш сайн ойлгох ёстой юм. Ялангуяа төрийн албан хаагчдийн хөрөнгийн тухай мэдээлэл. Дарга нар эхнэрийнхээ нэр дээр компани байгуулчхаад, надад хамаагүй гэх юм. Гэр бүлийн орлого нэг гэдгийг захын иргэн мэдэх ёстой. Энэ бол иргэний боловсрол юм.

Өөрийнх нь амьдралаар дамжуулж, намуудын мөрийн хөтөлбөрийг ойлгуулахгүй бол баахан амлалт өгч сонгогчдыг “хошхируулдаг” байж болохгүй ээ. Том том мөнгө амлангуут нээрээ ч биелчих юм билүү гэж баярлаад сэтгэлийн хөөрлөөрөө саналаа өгдөг. Хүн бүрт орон сууц өгнө гэдэг. Гаргалгаа нь хөрөнгөтэй хүний хөрөнгийг хурааж аваад буцааж тараах юм гэнэ. Баян хүнийг үзэн яддаг хүн бол  “ашгүй дээ, тэр ч бас надтай адилхан болох нь” гэж баярлах юм уу гэдэг асуулт ургаж байна. Сонгогчид олон талын мэдээллийг хүлээн авч боловсруулан, дүн шинжилгээнд үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй. 

Сонгуулийн үеэр иргэд гурван төрлийн мэдээлэл хүлээж авдаг гэдгийг анзаарах хэрэгтэй.

1.Сэтгүүл зүйн хараат бус мэдээлэл
2.Пи ар буюу төлбөртэй мэдээлэл
3.Зар сурталчилгаа

Сүүлийн хоёр нь бол наймаа л даа. Нам, нэр дэвшигчдийн төлбөртэй сурталчилгаанд  хууртах хэрэггүй. Нэг хэсэг манайхан төлбөртэй цагаа нэг нэгнээ “намнахад” зориулдаг байсан. Сүүлийн үед улс төрчид сөрөг мэдээлэл цацахаас илүү оногдож буй цагийг өөрийгөө магтахад зориулж  байна. Иймээс сэтгүүл зүйн хараат бус мэдээлэлд анхаарлаа түлхүү хандуулах хэрэгтэй.

Нэр дэвшигчид нь ч сонгууль, иргэдийн оролцоо гэж юу болохыг мэдэхгүй байгаа нь харагддаг.

Монголчууд гоё ярьдаг хүнийг сонсох дуртай. Хийх, хэлэх хоёрын хооронд төө илүү зай бий гэдэг дээ. Хийдэгт нь биш хэлж буйд нь илүү итгэж байна. Эрх барьж буй намыг шүүмжлэх нь тухайн нам, нэр дэвшигчийн муу, сайны хэмжүүр биш. Учир нь, эрүүл шүүмжлэл бол ардчилсан нийгмийн салшгүй хэсэг.  Түүнийг хэрхэн хүлээн авч, ажилдаа тусгаж байна вэ гэдэг илүү чухал.

Улс төрчид “Сонгууль” хэмээх мориндоо аль хэдийн мордчихож. Сурталчилгааны үеэр монгол дээл өмсөн, мөнгөн бүс бүсэлж,  морьтой зургаа авахуулаад л эх орондоо жигтэйхэн хайртай хүмүүс.  Гэтэл үйлдэл, үг хоёр нь тэс хөндлөн.

Хувийн эрх ашгаа улс орныхоос дээгүүрт тавьдаг хүмүүсийг бид сонгоод байна. Тиймээс амьдрал дээшлэхгүй байна. 

Гэхдээ монголчуудын улс төрийн сонголтыг мулгуу байсан гэж хэлэхэд хэцүү. Нэг нь болсонгүй, нөгөөг нь дийлэнх болгож үзлээ. Эсвэл хоёуланг нь сонгоод эвслийн засгийн газар байгуулж ч байв. Өнгөрсөн сонгуулийн үеэр бие даагчдыг дэмжсэн гэхчлэн олон янзаар сонголтоо хийх гэж оролдож ирсэн. 

-Танд сонгогчдын ямар буруу хандлага ажиглагддаг вэ?
-Монголчууд өрөвчхөн сэтгэлтэй. Түрүүн уначихсан юм чинь энийг одоо нэг дэмжихээс гэдэг хандлага ч бий. Сонгож гаргасан хүнээ тойрогтоо ирэхэд дарга гэж хүлээж авдаг. Юун амлалт нэхэх, хяналт тавих. Мартчихдаг. Намайг дөрвөн жил төлөөлж байгаа миний төрд илгээсэн элч болохоос биш миний дарга биш шүү дээ. 

Намынхаа мөрийн хөтөлбөрийг ойлгосон уу, үгүй юу гэмээр баахан “Морь унасан” толгойгүй ноёд” давхиад л байна.

Дарга шүтдэг сэтгэлгээг өөрчлөх нь иргэний боловсролын томоохон асуудал. Хүүхдүүдээ ч би ажилдаа явахгүй бол дарга загнана гэж айлгадаг. 

Намынхаа мөрийн хөтөлбөрийг ойлгосон уу, үгүй юу гэмээр баахан “Морь унасан” толгойгүй ноёд” давхиад л байна. Тэгж тэгж уначихаж байгаа юм. Унасан жишээ зөндөө. Би яагаад унав гэж биш, хэн намайг түлхэж унагав гэдэг. Манай улс төрийн соёл ийм. Хүмүүсийн хэлж буйгаар бүгдээрээ хулгайч.  “Хулгайчийг бариарай гэж хулгайч хамгийн чанга хашхирдаг” гэж үг бий.  Шударга биш байж бүгд шударга ёс ярьдаг.  Шударга ёс гэж юу хэлж буйг өөрсдөө ойлгож байгаа юм уу, үгүй юү бүү мэд. Улс төрийн хүсэл эрмэлзэлгүйгээр авилгатай тэмцэнэ гэж байхгүй. Тиймээс дараах асуултад л хариулт авахыг эрмэлзэх хэрэгтэй.

  • Та хэр хөрөнгөтэй хүн бэ?
  • Эх үүсвэр нь хаанаас гарсан бэ
  • Хөрөнгө орлого нь энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдөж буйг  заавал хараарай. Үүнийг түгээхэд хэвлэл мэдээлэл, ИНБ сайн оролцоосой.

Сонгуулийн сурталчилгааны үеэр хуулиар хориглосон зүйлүүдийг иргэдэд сайн таниулах хэрэгтэй. Сэтгүүлчид өөрсдөө иргэн гэдгээ мартаж болохгүй. Намд үйлчлэх нь сэтгүүлчдийн үүрэг биш. Ингэх нь  хойч үе, үр хүүхдийнхээ ирээдүйд хортой гэдгийг ухамсарлах ёстой. 

Сонгуулийн сурталчилгааны үед шударга, тэнцвэртэй ажиллах нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг өсгөдөг.

Сонгуулийн бохир, далд сурталчилгааг мөн иргэд таних чадвартай байх чухал. Бид энэ чиглэлээр 2004 оноос хойш ажиллаж байна. Ажиглахад сонгуулиар шударга ёсны тухай их ярьдаг. Бөөн шударга хүн гараад ирдэг. Иргэд үүнд нь дуртай. Чихэнд чимэгтэй. Нэг их гоё ярьдаг хүмүүс. Уран илтгэлийн тэмцээн болбол шүүхэд харин хэцүү шүү.  Мөн авилгатай тэмцэнэ гэж их ярьдаг. 

Сүүлийн үед боловсрол, эрүүл мэнд бол нийгмийн тэргүүлэх “Фронт”-ын үйлчилгээ гэдгийг ойлгосон уу эсвэл популист амлалтад нь илүү нийцтэй байна уу? Ямар ч байсан энэ тухай ярьдаг болчхоод байна. 

Сонгуулийн сурталчилгааны үеэр хийж буй мэтгэлцээнүүдийг сайн хараасай. Үүгээр нэр дэвшигчийн үнэн дүр төрхийг олж харахад дөхөм болдог. Сонгогчдын боловсролд зориулсан, хараат бус мэдээлэлд чих тавих хэрэгтэй. 

-Хоёр нам ээлжилж гараад юу ч дээрдсэнгүй гэж иргэд шүүмжилдэг?
-Иргэд олон гарц хайдаг байх. Гэхдээ үүн дээр нэг бодох ёстой юм бий.  Нэг эмэгтэй таксины жолооч “Ингэж зовж байхаар хаант засаглалтай болчихмоор юм” гэж байна. Би ‘Хаан нэг өдөр эмэгтэйчүүд хүн машин барьж болохгүй гэвэл бид үг дуугүй дагах хэрэгтэй болно” гэсэн чинь  чимээгүй болчихно лээ.

Манайх нийгмийн соёлын бодлогогүй улс. Улс төрчид, иргэд ч зөв буруугаа мэдэхгүй байна. Зөв буруугаа мэддэг бол ЖДҮ-ийн хэрэг гарахгүй, авилга байх ёсгүй. УИХ-ын гишүүд хувийнхаа компанийн асуудлыг УИХ гэсэн индрийн өмнө очиж мэдээлэхгүй шүү дээ. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, хувийн зарчим гэж байхгүйн шинж. 

-Хэрэгжээгүй олон амлалтаас танд хамгийн тод үлдсэн нь юу байна вэ? 
-Миний санаж буйгаар Монгол Улс говьд чихрийн манжин тариад өөрсдөө элсэн чихрээ үйлдвэрлэдэг болчихсон байгаа. Төрийн өмчит банкгүй байх байлаа гээд  л үргэлжилнэ. Тэр бүгдийг сонгогчид санаж байгаа. Мөн өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар аймшигтай бохир сурталчилгаа явуулсан гэдгийг хэлчихье. Үндсэн Хуулиа, манай улсын нэгдэж орсон, соёрхон баталсан гэрээ конвенцыг бүгдийг нь зөрчсөн. Хүчирхийлэлд уриалан дуудсан, яс үндсээр ялгаварлан гадуурхсан, турхирсан, үзэл ядалтыг дэвэргэсэн. Ингэлээ гээд хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. 

Сонгуулийн сурталчилгааны санхүүжилт хаанаас гарсныг иргэд мэдэх эрхтэйг ЦОХОН дурдъя. Гаднаас байвал яах вэ? Тэр газартаа л үйлчилнэ гэдэг логик гарч ирнэ ээ дээ.

-Мөнгө амлах, бэлэн мөнгө тараахын аюул юунд орших вэ? 
-Өнөөдөр ч бид их өртэй. Өртэй хүн өөдөлдөггүй гэж үг ч бий. Явсаар, нэмсээр дефолт зарлаад Венесуэлийн араас орвол яах вэ. Сүүлдээ газар нутгийнхаа нэг хэсгийг өрөндөө өгөх юм уу? Өр тусгаар тогтнолын хэмжээнд тулж ирэхвий гэдэгт хүн бүр санаа чилээж байх учиртай. Тиймээс иргэд ухаалаг сонголт хийх зайлшгүй шаардлагатай тулгарлаа. Үүнд мэдээлэл л тусална. Сонгуулийн сурталчилгааны үед шударга, тэнцвэртэй ажиллах нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг өсгөдөг. Өөрөөр хэлбэл, үзэгч, сонсогч, уншигчдын итгэлд ч нөлөөлдөг юм.

-Ярилцсанд баярлалаа.

http://gogo.mn/ Д.Азжаргал

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here