Өнөөдөр дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдөр. Энэ тэмдэглэлт өдөр АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор энэ эрүүл мэндийн болон эмч мэргэжилтэн бэлтгэх боловсролын салбарт 35 дахь жилдээ ажиллаж буй Содовсүрэнгийн Наранчимэг багшийг урьж эмч мэргэжлийн онцлог үнэ цэнийн талаар ярилцлаа.  

-Эмч нарын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Монголд Дэлхийн эмч нарын өдрийг хэзээнээс тэмдэглэх болов?
-АНУ-ын Жоржиа мужийн Виндер хотод 1933 оны гуравдугаар сарын 30-нд эмч нарын өдрийг анх удаа тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Тус мужийн залуухан эмч Dr. Crawford Williamson Long 1842 оны мөн өдөр 26 насандаа өөрийн дэвшүүлсэн онолыг туршиж мэс заслын эмчилгээний үеэр анх удаа мэдээ алдуулалтыг хэрэглэсэн байдаг. Олон зуун хүний амь насыг аврахад хүч чадал, ажил амьдралаа зориулсан эмч нарын гэгээн дурсгалд зориулж, цаашид эмч нарын эрхийг хамгаалах, ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж,  хөдөлмөрийг зөв үнэлэх  олон арга хэмжээ авахад энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго чиглэгддэг. Манай улсын хувьд анх 2000 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт Сувилгаа эрхэлсэн орлогч даргаар ажиллаж  байх үед Гадаад харилцаа, Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан орлогч дарга Н.Түвшинбат захиргааны зөвлөлийн хурлаар АНУ-д эмч нарын өдрийг тэмдэглэдэг талаар танилцуулсан. 

Эмч, сувилагч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орох, гэмтэж тахир дутуу болох,  халдвар авах, хөдөлмөрийн чадвараа алдах, архаг өвчтэй болох, амь насаа алдах тохиолдол ч цөөнгүй байгаа. Эмч хүн бол энэ улсын хамгийн үнэт капитал.

Захиргааны зөвлөлийн гишүүд ч дэмжиж эмнэлгийн даргаар ажиллаж байсан профессор Б.Батсэрээдэнэ  багш маань эмч мэргэжлийг сурталчлах, тэдний ажиллах нөхцөл, халамж, хангамж, судалгаа шинжилгээний бүтээлийг танилцуулах, эрхийг хамгаалах зэрэг олон ажлыг үе шаттай хийхийг уриалан анх удаа тус эмнэлэгт тэмдэглэж эхэлсэн юм. Дэлхийн зарим улс оронд тухайлбал АНУ-д энэ өдөр хэрхэн тэмдэглэж байсныг харах боломж надад олдсон. Яг энэ өдөр эмч нар өөрсдийн ажил, амьдрал, тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлаа маш энгийнээр тодорхойлсон ханын илтгэл, зурагт хуудсуудыг эмнэлэг, сургууль, тасаг, нэгжийн коридор, олон нийтийн газарт тавьдаг. Үүнд олон иргэд, эмчлүүлэгчид анхаарал хандуулж, эмч, сувилагч болон эмнэлэгт тулгамдаж буй асуудлыг анзаарч, ойлгон санхүүгийн төдийгүй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. 

-Үнэхээр Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж буй цагаан нөмрөгт баатрууд юм байна. Үүгээрээ энэ салбарын ажилтнууд хэр үнэлэгдэж ирсэн бэ? 
-Сургуулийнхаа эрдэмтэн, багш, профессоруудтай олон аймагт багш, шавийн уулзалт хийхэд оролцож байлаа. Олон зуун хүний амийг аварчихаад, амьдралын баталгаагүй “өвчний үүр” болж үлдэж дээ гэх ахмад эмчийн яриа сэтгэл эмзэглүүлдэг. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарахад тэтгэмж өгдөг болсон нь сайшаалтай ч тэр нь насан туршийн амьдралын баталгаа болж чаддаггүй. Эмч, сувилагч нар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орох, гэмтэж тахир дутуу болох,  халдвар авах, хөдөлмөрийн чадвараа алдах, архаг өвчтэй болох, амь насаа алдах тохиолдол ч цөөнгүй байгаа. Эмч хүн бол энэ улсын хамгийн үнэт капитал.

Монголын эмч нарын VI дугаар их хурал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар 2019 оны 10-р сарын 25-26 -ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус хуралд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор П.Нямдаваа оролцож “Нийгмийн гэдэг нэрийн дор яригддаг их олон тулгамдсан асуудал байна. Би эдгээрээс санаа чилээдэг нэг л асуудлаа хөндье. Эмч нар, ялангуяа эмнэлзүйч эмч нар тэтгэвэрт гарах насан дээрээ хамгийн туршлагатай, үнэ цэнэтэй болдог боловч, манай нийгэм хэрэгсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм хамгийн үнэтэй хөрөнгөө ашиглахгүй байна. Миний үеийн эмч нар тохирсон ажлаа хийх, хүнд тус болох хүсэлтэй байна” гэж хэлсэн. Эмчийн туршлагыг худалдаж авдаггүй, зарж болдоггүй. Ийм учраас эмч мэргэжлийн хөдөлмөрийг зөв ашиглаж, бодитой зөв үнэлэх цаг ирсэн байна.  

Яг өнөөгийн нөхцөлд өөрийн бие, амь насаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр сэтгэл гарган ажиллаж буй хамт олон бол Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн. 

Эзэмшсэн нарийн мэргэжлээс шалтгаалан эмч бүхний ажлын бүтээмж өөр өөр байдаг уу? 
-Хүний төлөө сэтгэл гарган ажиллавал эмчийн үнэ цэнэ ижил. COVID-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан манай оронд төдийгүй дэлхийн улс орнуудын төр засаг оновчтой, цаг алдалгүй арга хэмжээ хэмжээ авч байна. Улс орны бүрэн бүтэн байдал, хүн ардаа аюулт өвчнөөс хамгаалахын төлөө цаг наргүй ажиллаж буй олон хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнг бид үнэлж, хүндэтгэх ёстой. Яг өнөөгийн нөхцөлд өөрийн бие, амь насаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр сэтгэл гарган ажиллаж буй хамт олон бол Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн. Тэнд ажиллаж буй эмч нар хүний амь нас хариуцсан, алдах эрхгүй оюуны дүгнэлт хийдэг сэхээтнүүд. Эмчийн тавьсан онош, эмчилгээний үр дүнд хүний амь аврагддаг. Иймээс яг өнөөдөр голомтод, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, мэргэжилтэн, ажилтнуудад нэмэлт урамшуулал олгоосой гэж төр засгаасаа хүсэж байна.  

-Эмч нар сургуулиа төгсөж диплом гардахдаа тангараг өргөдөг. Тангарагийн мөн чанарыг Та юу гэж үздэг вэ?
-Манай тооллын өмнөх 425 оны үед Гиппоратын тангараг анх үүссэн түүхтэй. Энэхүү тангарагт эмч хүн хэрхэн ажиллаж, бусадтай харилцаж, нууцыг хадгалах талаар дурьддаг бөгөөд гол утга нь “Мэдлэг, чадвараа өвчтөнүүдэд чин сэтгэлээсээ зориулж туслах бөгөөд, чадахгүй бол хор хүргэхгүй” гэсэн утгатай байсан. Манай улсын хувьд анх удаа Хүний их эмчийн тангарагийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 170/111 тогтоолоор баталсан. Эмчийн тангарагийг хэд хэдэн удаа өөрчилж, нэмэлт хийсэн байдаг. 1998 оны тавдугаар сарын 7-нд батлагдсан “Эрүүл мэндийн тухай” хуульд Монгол Улсын хүний их эмчийн тангарагийг дахин өөрчилж баталсан. Анагаахын сургуульд сурсан эрдэм боловсрол, юу чаддагаа харуулахаар эмчийн албанд зүтгэхийн өмнө
Эмч би, 
Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, 
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зорулахаа
Тангараглая, Тангараглая, Тангараглая” гэж Төрийн сүлдэт тугандаа адислан, ажиллах итгэл үнэмшил, эрч хүчийг авдаг.  Дэлхийн олон улс орнуудад эмчийн хөдөлмөрийг цалин урамшууллаас гадна ард иргэдийн тэр эмчийг үнэлж буй үнэлэмжид ач холбогдол өгдөг. Хөдөлмөрөө зөв үнэлүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж, хоол, нойроо умартан халуунд халж, хүйтэнд хөрж, олон шөнийг нойргүй өнгөрөөж олон айл гэрт баяр хөөрийг авчирч байдаг эмчийн талаар өөр өнцгөөс харах цаг болжээ. Үхэл, өвчний өмнө ямар ч хөрөнгө мөнгө, эд зүйлс байгаад хэрэг болдоггүй болохоор хэн ч ялгаагүй зөвхөн эмчээс л авралыг эрж хайдаг. 

Эмч болохын тулд оюутан байх хугацаандаа маш олон дадлагыг хийж, эмч, сувилагч нараасаа суралцаж байдаг. Эмнэлэгт дадлагад гарахын өмнө шинжилгээ заавал хийлгэдэг нь оюутнууд “халдвар тээгч бишийг” нотолж эмнэлэгт ажиллах зөвшөөрөл олгодог. Нөгөө талаар эмнэлэгт дадлага хийж буй оюутнууд, резидент эмч нарынхаа халдвар хамгааллыг сайн сахиулж чадсанаар бусдад халдвар тараахгүй нөхцөлийг бүрдүүлдэг. Өнөөдрийн энэ цар тахлын үед эмч, сувилагчийнхаа эрүүл мэндэд анхаарч, тэднийг халдвар авахаас сэргийлэх бүх нөхцөл, боломжоор хангах нь ажиллаж буй байгууллагын хүлээх үүрэг байдаг. Коронавирусийн тархалт дэлхийн олон улс оронд тархаж хүн төрөлхтөний өмнө маш олон сорилт, шалгуурыг бий болгож байна. Өнөөдөр энэ аюулт вирусийг ард түмэндээ тараахгүйгээр барьж чадаж байгаа, энэ их үйлсэд гар бие оролцон зүтгэж буй олон мэргэжилтэн, ажилтнуудын дадлага, туршлага хамгийн үнэ цэнэтэй, үнэлж болшгүй баялаг, үнэт зүйлс болж үлдэх учиртай.

 
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэчнээн эмч ажилладаг вэ? Эмч нар их залуужиж байна гэсэн яриа байдаг. Цалин хөлсний хувьд ямар байдаг вэ?
-2018 оны байдлаар улсын хэмжээнд нийт 11169 их эмч ажиллаж байгаа бөгөөд 76.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Насны бүлгээр авч үзвэл 29.1 хувийг 20-29 насны, 32.8 хувийг 30-39 насны, 17.0 хувийг 40-49 насны, 9.3 хувийг 50-54 насны, 7.4 хувийг 55-60 насны, 4.4 хувийг 60-аас дээш насны эмч нар эзэлж байна. ЭМЯ-наас санаачлан 2018 онд эмч, сувилагчдынхаа цалинг тодорхой хувиар нэмсний үр дүнд эмчийн дундаж цалин 696000-844000 төгрөг болсон. 

Эмч нар жижүүрт гарахад илүү хэцүү болсон тухай яриаг хамаатныхаа эмч дүүгээс сонссон юм байна. Энэ талаар?
Эмч нь  ажлын цагт баригдаггүй өвөрмөц мэргэжил. Өвчтнийхөө төлөө хэдэн цагаар ч илүү ажиллаж, тэдний амь насны төлөө ээлжийн хуваарьгүй байсан ч эмнэлэг дээр хонох тохиолдол эмч нарт гардаг.  Сүүл-ийн үед иргэдийн дунд өвчнөө хүндрүүлж, оройн цагаар тусламж хүсэж эмнэлэгт хандах, өвчин архагшиж, хүндрэл их гардаг болсон талаар аль ч эмнэлгийн эмч нараас сонсож болно. Ээлжинд гарсан эмч, сувилагч нар, түргэний дуудлагад явж буй жолооч, эмч нар унтахгүйгүйгээр ажиллаж байдаг.

2018 онд эмч, сувилагчдынхаа цалинг тодорхой хувиар нэмсний үр дүнд эмчийн дундаж цалин 696000-844000 төгрөг болсон. 

Төсөөлөөд үздээ “нүдний хороо гаргахгүйгээр” 24 цаг зогсоогоор ажиллана гэдэг зарим хүний санаанд ч орохгүй байх. Хүн эрүүл байхын тулд 23-04 цагийн хооронд заавал унтаж байж, дараагийн өдрийн эрч хүчээ сэлбэдэг. Үүрээр биологийн хэмнэлээрээ хүний биеийн халуун буурч, даарах, улмаар дархлаа сулардаг. Зарим улс орны эрдэмтдийн хийсэн судалгаанд “Ээлжинд ажилладаг эмч, сувилагч нарын дунд хавдартай болох, жин нэмэгдэх,  нойрны эмгэгт нэрвэгдэж буй нь стресттэй ажиллаж, олон удаагийн нойр дутуу явсантай  холбосон” байдаг. Олон улс оронд эмч нарынхаа хөдөлмөрийг бодитой үнэлэхээс гадна,  шаардлага хангасан ээлжийн дүрэмт хувцас, зориулалтын гутал, ээлжинд гарахад өмсөх дулаан дүрэмт хувцас, халдвараас хамгаалах хэрэгслүүдийг бүрэн хангасан байх ёстойгоос гадна угааж, ариутгах ажлыг ч эмнэлэг нь хариуцаж байдаг.

Эмч нар бусдад зөвлөгөө өгдөг мөртлөө өөрсдөө илүү өвчтэй байдаг гэсэн яриа байдаг? 
Анагаахын оюутнуудад тохиолддог нэг зүйл бол эмнэлзүйн хичээл орж эхэлсэн цагаас өөрсдөө “Болезнь третьего курса” буюу 3-р курсийн өвчнөөр өвддөг тохиолдол элбэг байдаг. Надад бас тохиолдож байсан. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хичээлийн дадлагад гарч байлаа. Хааяа ходоод орчим өвдөнө гэсэн зовиуртай үйлчлүүлэгчийн ходоодыг дурандаж “Ходоодны шарх” гэж оношлогдсон өвчтөнийг хараад өөрт маань яг тэр онош байгаа мэдрэмж төрсөн. Тэгээд бүр багшдаа хандаж, би бас ходоодны шархтай болсон юм шиг байна гэж өөртөө онош тавьсан, багшийн өгсөн зөвлөгөө төдийлөн үр дүн өгөөгүй учраас ходоодоо дурандуулахад хүрсэн юм. Багш маань  “психосоматикийн өвчин тусаж болохгүй “ оюутан болсон цагаасаа өөрийнхөө ухамсар, тархийг захирч байх ёстой гэж зөвлөсөн. Ямар ч шарх алга гэж хэлсэн тэр мөчид өвдөлт байхгүй болсноо мэдэрсэн юм.

“Сэжгээр өвдөж сүжгээр эдгэнэ“ гэдэг шүү дээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд психосоматикийн өвчтэй хүмүүс олширсон. Шинжилгээгээр онош тогтоогдоогүй ч  өөрт нь зовиур шаналгаа байсаар байдаг.  Ийм учраас сайн эмч болохын тулд сайн сэтгэл зүйч байх ёстой гэдэг нь үүнтэй хамаатай юм. Эмчид үзүүлэх, эмнэлгээр явах хамгийн дургүй хүмүүс бараг эмч нар өөрсдөө байдаг. “Айхтар“онош гарахаас санаа зовж, өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг.Эмч нар мэргэжил нэгт эмчээ өвдөхөд эмчлэхэд их хэцүү, хүндрэлтэй байдаг гэж ярьдаг. Иймээс эмчийг үзэх  туршлагатай  “тусгай эмч “бэлтгэгдэх хэрэгтэй гэж боддог. Эмч нар  үйлчлүүлэгч нартаа зөв хооллох, хөдөлгөөнтэй байх, сэтгэлийн амар амгаланг зөвлөж байдаг ч эмчийн ажлаа хийж байх үед дээрх зөвлөгөөгөө өөрсдөө баримтлах боломж гардаггүй.  Яг ид хийж бүтээх насандаа хүнд өвчний улмаас нас барах, архаг өвчтэй болох тохиолдол эмч нарын маань дунд цөөнгүй байна. Иймээс эмч нарынхаа олон жилийн туршлагыг үнэлж ашиглахын тулд тэдний эрүүл мэндэд бас анхаарах хэрэгтэй.

Та яриандаа эмчийн тоо Монгол Улсад хангалттай бэлтгэгдсэн гэсэн. Цалин бага, халамж, хангамж муу байхад залуучууд яагаад энэ мэргэжлийг сонгодог вэ? 
Монгол хүний бас нэг онцлог гэж боддог. Хүүхэд байхаасаа л  эмч, багш, цагдаа болох хүсэл тэмүүлэлтэй байдаг. Монгол хүнд энэрэн нигүүлсэхүй сэтгэл, хүнд туслах гэсэн сэтгэл нуугдаж байдаг. Хэдийгээр авдаг цалин хаанаа ч хүрэхгүй, амьдралын баталгаагүйг мэдсэн ч хүүхэд, залуучууд эмч мэргэжлийг сонгосоор байна. Сайн эмч болоход маш их тэвчээр, хүлцэнгүй байдал, чин сэтгэл, өөрийн амьдралын тав тухаа умартан бусдын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байж үр дүнд хүрдэг. Өвгөд, эмгэдийн үг байдаг шүү дээ 
”Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж, эрүүл байж гэмээ нь илүү аз жаргалтай амьдарна, эрүүл ард иргэдтэй улс илүү бүтээмж өндөр, хөгжиж чадна шүү дээ. 

-Хэд хоногинй өмнө хэвлэл мэдээллээр “резидент эмч нар цалингүй, хүнд нөхцөлд ажиллаж байна гэж шүүмжлэл ирсэн учраас татан буулгаж байна”гэсэн мэдэгдлийг  НЭМГ-аас хийсэн нь  сошиал ертөнцөөр нилээд шуугисан.  Энэ талаар таны байр суурь? 
НЭМГ-аас хийсэн мэдэгдэл бол үнэхээр хариуцлагагүй мэдэгдэл. “Олгой хагаравч тогоондоо” гэдэг шүү дээ. Салбарынхаа хүрээнд ярих, шинэчлэх, өөрчлөх олон асуудал их бий. Америкийн нэг сэтгүүлчийн яриа санаанд орлоо. Эмч, сувилагч, эмнэлгийн байгууллага, ажилтнуудтай холбоотой гарсан “алдаа,” асуудлыг хэзээ ч олон нийтэд мэдээлдэггүй. “Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог“ нөгөө талаас амь насыг нь хариуцахаар ажиллаж буй эмч сувилагч нарын нэр хүнд унах нь ард иргэд эмч, эмнэлэгт итгэл алдрах сөрөг үр дагавартай.  Хүний амь нас хариуцсан, хариуцлагатай эмч мэргэжлийг эзэмшихийн тулд олон жил суралцдаг, туршлагажихын тулд сургуулиа төгссөний дараа 1-3 жил дагалдан эмч буюу резидентээр ажиллангаа суралцдаг. 

Гадны эрдэмтдийн хийсэн судалгаанд “Ээлжинд ажилладаг эмч, сувилагч нарын дунд хавдартай болох, жин нэмэгдэх,  нойрны эмгэгт нэрвэгдэж буй нь стресттэй ажиллаж, олон удаагийн нойр дутуу явсантай  холбосон” байдаг.

Эмч хүн дор хаяж 10-15 жил,  бараг 20 жил ажиллаж байж л туршлага суудаг. Эмчийн тангараг өргөсөн, эмчлэх эрхийн лицензээ авсан ирээдүйн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх хүмүүс бол резидентүүд буюу залуу эмч нар. Тэднийг цалинтай ажиллуулах асуудал хэдэн жилийн өмнө нилээд эрчтэй яригдаж байсан. Зарим эмнэлэг өөрсдийн боломжоор эмнэлэгт байрлах өрөө тохижуулж, жижүүрийн хөлсийг өгдөг. Залуу эмч нараа ар гэртэй санаа зовох зүйлгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллуулахын тулд тогтмол цалинтай болгож, амьдралын баталгаа,  халамж хамгааллыг ч шийдэх хэрэгтэй. Энэ нь монгол хүний эрүүл мэндэд анхаарал хандуулж буйн илрэл байх болно.

Нэмж хэлэхэд хэн нэгэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн алдаа гаргах, ёс зүй зөрчсөн үйлдэл хийх, сөргөөр хандаж, харилцаж чадахгүй бол тэр хүний талаар заавал зохих газарт нь мэдээлэх үүргийг иргэд бас хүлээх ёстой. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй ч алдах эрхгүй мэргэжилтнүүдэд бусдын алдаан дээр суралцах боломж гэж үздэг. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн гаргасан алдааг цаг тухайд нь засаж залруулах, тэдэнд үүссэн асуудлын шалтгааныг олж, бусдад сургамж болгох,  соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж буй байгууллага бол ЭМЯ-ны дэргэдэх Ёс зүйн Хяналтын Хороо юм. Хот, хөдөөгийн эмнэлэг бүрт салбар нь байдаг бөгөөд судалгаанд суурилж олон ажлыг зохион байгуулсаар ирсэн. 

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Таны ажил үйлс бүтэмжтэй байх болтугай! 

Эх сурвалж: http://gogo.mn/Э.Оргил

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here