“Та бидний эвсэл”-ээс  улс оронд үүссэн онцгой нөхцөл  байдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргаж байгаа юм байна. Энэ талаараа өнөөдөр/03.30/ мэдээлэл хийлээ.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, ЭЗ-ийн ухааны доктор Д.Дуламсүрэн:

МАХН, МУНН, ИЗНН хамтран мэдэгдэл хийж байна.  УИХ-ын дарга Г.Занданшатар,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж байгаа юм. Дэлхий дахинаа цар тахлын хэмжээнд тархсан коронавирус хүн амын эрүүл мэндэд ноцтой заналхийлж, эдийн засаг, санхүү, айл өрхийн ахуй амьдралд ихээхэн дарамт учруулж байгаа тул улс орон бүр эдийн засгаа тогтворжуулахад чиглэсэн онцгой арга хэмжээ авсаар байна. Гэтэл Монгол Улсын төр засгаас коронавирусыг тархаахгүй байхад чиглэсэн “хорих, цагдах, хязгаарлах” арга хэмжээ авч буй боловч бий болсон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй цаг алдсаар байгаа.   

Энэ нь улс орны эдийн засаг хүндрэх, олон мянган ажлын байр алдагдах, аж ахуйн нэгж дампуурах, ард иргэдийн ахуй амьдрал доройтох, ядуурал улам өргөжин гүнзгийрэх ноцтой эрсдэлийг бий болголоо. Тиймээс “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж мөнгө, санхүү, зээл, гааль татварын бодлоготой холбоотой УИХ, Засгийн газарт хандан мэдэгдлийг гаргаж байна.

МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн Д.Баярхүү:

-Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийг хүрээнд авах арга хэмжээтэй холбоотой мэдэгдэл хийлээ. Долоон арга хэмжээ авахаар болсон байна. Гэвч эдийн засаг, мөнгө санхүүтэй холбоотой сайн шийдэл энэ бүхнээс харагдсангүй.  Санхүүгийн залилан, ард түмнээ хуурсан маягийн арга хэмжээнүүд болж байна. Хэдхэн компаниудад л ашигтай хувилбар орж ирлээ. 200 мянган төгрөг өгөх  гэж байгаа нь ч ард түмнээ алаг үзсэн, ялгаварлан гадуурхсан үйл ажиллагаа боллоо. Харин ард түмэн арай өөр зүйл хүсч байна. Мөнгө хүүлэгч, банк, ломбард, санхүүгийн байгууллагуудад зөв бодлого явуулах хэрэгтэй. Гэтэл энэ талаар ямар ч шийдэл ярьсангүй.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

-Коронавирусын нөхцөл байдлын үед улс орон болгон эдийн засгийн бодлогоо өөрчилж байна. Харин Монгол Улс өөрчлөгдөхгүй байна. Өнгөрсөн 30 жил Монголыг туйлдуулсан бодлогоо үргэлжлүүлнэ гэнэ. Тиймээс энэ онцгой нөхцлийг бид бүхэн нэгэн боломж гэж харлаа. Өнөөг хүртэл явж ирсэн энэ санхүүгийн бодлогоо үндсээр нь өөрчлөх цаг болжээ.  Бид онцгой нөхцөлд онцгой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.  

Илүү урт хугацааны бодлого хэрэгтэй. Улсын төсөвт яаралтай тодотгол хийн хоёр орчим их наяд төгрөгийн тулгамдаагүй хөрөнгө оруулалтыг танаж “Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай” Монгол Улсын хуулийн дагуу иргэн бүрт сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулах шаардлагатай гэж үзэж байна.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:

–Бид зарчмын хувьд мэдэгдэл хүргүүлж байна. Өнөөдөр манай парламент ажлаа хийхгүй байна. Уг нь манайх парламентын засаглалтай улс. Төсөв санхүүтэй холбоотой асуудлыг парламент нь хариуцаж , баталдаг. Гэтэл парламентаа хуралдуулахгүй байна. Онц байдалд нэн шаардлагатай арга хэмжээг авахгүй байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Х.Баттулга уриалга гаргалаа. 

Уг нь Ерөнхийлөгч уриалга гаргадаггүй онцгой нөхцөл үүссэн гэж үзвэл өөрөө УИХ-ыг зарлан хуралдуулах эрхтэй. Эрх баригч намын даргад ч гэсэн тийм эрх нь байгаа. Гэтэл техникийн нөхцөл байдал ярьж, асуудлыг ингэж гацааж болохгүй. Өнөөдөр ахмадууд хүртэл эрсдэл хүлээн банкинд дугаарлаж байхад улс орон ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн хүмүүс ингэж болохгүй гэлээ.

“Та бидний эвсэл”-ээс гаргасан шаардлагад

Нэг. УИХ-аас коронавирусын улмаас улс орны хэмжээнд “давагдашгүй хүчин зүйл, гарцаагүй байдал” үүссэнийг албан ёсоор зарлаж, иргэд аж ахуйн нэгж байгууллагын түрээсийн төлбөр, Банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ, ломбардын хүү, алданги зэрэг үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх;

Хоёр. Монгол банкны бодлогын хүүг 3 хувиас илүүгүй байлгах шийдвэр гаргахыг Монгол банкинд үүрэг болгон эдийн засгийг мөнгөжүүлэх шийдэмгий арга хэмжээ авах, арилжааны банкуудад байршуулсан төрийн эх үүсвэрийн хүүг “0” хувьд ойртуулах;

 Гурав. Тэтгэвэр, цалингийн зээлийн хүүг жилийн 3 хувиас илүүгүй, ипотекийн зээлийн жилийн хүүг “0” хувиас илүүгүй болгон бууруулах бодлого хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгох, Арилжааны банкнаас Монгол банкинд байршуулсан дөрөв гаруй их наяд төгрөгийн ТБҮЦ-ыг суллаж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Онцгой нөхцлийн зээл гаргах эх үүсвэр бий болгох;

Дөрөв. Зээлийн мэдээллийн сангийн “ХАР ЖАГСААЛТ”-ыг цуцалж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл авах эрх нээхийг Монгол банкинд үүрэг болгох;

Тав. Улсын төсөвт яаралтай тодотгол хийн 2 орчим их наяд төгрөгийн тулгамдаагүй хөрөнгө оруулалтыг танаж “Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай” Монгол Улсын хуулийн дагуу иргэн бүрт сар бүр 200,000 төгрөгийн тэтгэмж олгоход зарцуулах;

Зургаа. Онцгой дэглэмийн хугацаанд хэрэглээний төлбөр төлөх зэргээр иргэд бөөнөөр цуглан, дараалал үүсгэж, вирус тархах аюултай нөхцөл үүсгэж байгааг зогсоох; Өрхийн орлого тасарсаны улмаас айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төлөх боломжгүй болсныг харгалзан улсын төсвөөс шийдвэрлэх;

Долоо. Монгол Улсад үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлж, Монгол Улсад үйлдвэрлэдэггүй зайлшгүй хэрэгцээт бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг тэглэх;

Найм. Эдийн засаг хүндэрсэн амаргүй цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулахын оронд татварын өрийн маргааны асуудлаар Монгол Улсыг Олон Улсын Арбитрын шүүхэд өгсөн Рио Тинто компанийн эрх ашгийг улайран хамгаалдаг байдлаа нэн даруй зогсоож “Дубайн гэрээ”-г хүчингүй болгон, Оюу толгойн “Хөрөнгө Оруулалтын Гэрээ”-г Монголын талд ашигтай нөхцлөөр өөрчлөх ажлыг эхлүүлэх; Оюу толгойн ордын баялгийн орлогыг монголын банкаар дамжуулдаг болгон төгрөгийн ханшийг тогтворжуулах; Ес. Алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс баялгийн экспортод онцгой хяналт тавьж, тусгай горимд шилжүүлэх гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here