“Мөнхөд ашдын зам” ХХК-ийн ерөнхий захирал, “Шинэ Завхан” төслийн санаачлагч Нанзаддоржийн Мөнхбаясгалантай ярилцлаа. Монгол Улсын Гавьяат барилгачин, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга асан Д.Нанзаддоржийн хүү тэрбээр авто замын инженер мэргэжилтэй, удам дамжсан замчин, Монголын авто замчин залуучуудын холбооны тэргүүн.

Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Н.Мөнхбаясгалан Нийслэлийн алдарт уяач цолтой. Улс, бүс, аймгийн наадмаас 30 гаруй түрүү, айраг хүртсэн тэрбээр 2016 онд улсын наадамд зээрд морио айрагдуулж, “Хүрээ цам даншиг наадамд” түрүүлгэсэн юм.


-БНХАУ-аас 105 хятад иргэнийг Монголд авч ирэх эсэх асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Өчигдөр (өнгөрсөн баасан гариг) болсон УОК-ын хурлын үеэр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан “Хятад иргэдийг маргааш чартераар авч ирнэ, Төв аймагт 14 хоног тусгаарлана” гэсэн. Зарим хүн “Монголчууд өөрсдөө замаа барьж чадна. Коронавирусийн халдвар аюулын харанга дэлдэж буй өнөө цагт урд хөршөөс тийм олон иргэн авчирж, эрсдэлтэй алхам хийх шаардлагагүй” гэж шүүмжилж байна. Та авто замын инженер мэргэжилтэй, удам дамжсан замчин хүн. Энэ талаар сайн мэдэх нь гарцаагүй. БНХАУ-аас 105 иргэнийг Монголд авч ирэх зайлшгүй шаардлага бий юү?

-Эдгээр хятад иргэдийг Монголд авч ирэх зайлшгүй шаардлагатай. Ингэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Хэрвээ тэднийг манай улсад авч ирэхгүй бол Улаанбаатар-Дархан-Уулын 204 км зам, Гачууртын гүүрнээс Налайх, Чойрыг холбосон 20.9, Замын цагдаагийн гүүрэн гарц тэргүүтэй бүхий л томоохон замуудыг барих боломж, нөхцөл бүрдэхгүй.

Яагаад гэвэл Дарханы замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, Налайхын зам, Баянзүрхийн гүүрэн гарц, Замын цагдаагийн гүүрэн гарцыг Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа. Хятад улсын хөнгөлөлттэй зээл тодорхой нөхцөлтэй. Тэдгээрийн нэг нь тухайн замыг зөвхөн Хятад улсын компаниар бариулах журамтай, тийм шаардлага тавьдаг.

Монголчууд томоохон замуудаа өөрсдөөрөө бус хятадуудаар бариулж байна гээд зарим хүн гайхдаг, шүүмжилдэг. Тэгж байгаа нь БНХАУ-аас зээл олгож буй журамтай нь холбоотой. Түүнээс биш Хятад компаниар л бариулна гээд байгаадаа биш юм шүү. Хятадын 105 иргэнийг Монголд авч ирэх зайлшгүй шаардлагатай гэсэн маань ерөөсөө үүнтэй холбоотой. Тэд ирээд хүрз, жоотуу бариад гүйхгүй. Тэгдэг технологи өнөөдөр хоцрогдсон. Замын ажлын 95 хувийг техник, технологи, тоног төхөөрөмжөөр гүйцэтгэдэг.

За, тэгээд өнөөх 105 хятад иргэн манай улсад ирээд юу хийх вэ гэж хүмүүс сонирхож байгаа болов уу. Монголын томоохон замуудыг барихаар гэрээ байгуулсан Хятад компанийн удирдлагын баг, инженерүүд нь тэд юм шүү дээ. Тэд ирж байж ажлаа эхлүүлэхгүй бол Монголд ганц ч томоохон зам барих боломж бүрдэхгүй. Тухайн замын ажлыг эхлүүлэхийн тулд заавал төлөвлөгөөгөө батлуулан, Зам тээврийн яам, Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвшөөрөл авах учиртай. Тэр зөвшөөрлийг мэдээж гэрээ байгуулсан Хятад компанийн удирдлага, инженер нь заавал өөрийн биеэр байж л авна шүү дээ. Гэтэл тэгэх эрх бүхий хүмүүс нь урд хөршид байгаа гэсэн үг. Монголчууд мянга хүсээд, өөрсдөө өмнөөс нь эхлүүлэх боломжгүй. Тиймээс л тэд Монголд ирэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чухал байлгүй яах вэ. Гэхдээ Дарханы, Налайхын зам, Замын цагдаагийн гүүрэн гарц тэргүүтэй томоохон замын ажлыг эхлүүлье, дуусгая гэж зорьж байгаа л бол эдгээр 105 хятад иргэнийг Монголд авч ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын бүх томоохон замын ажил гацна, энэ жил ганцыг нь ч барьж чадахгүй байх нөхцөл үүснэ.

МОНГОЛД ТОМООХОН ЗАМУУД БАРИХ ХЯТАД КОМПАНИЙН УДИРДЛАГА, ИНЖЕНЕРҮҮД НЬ ТЭД

Зарим хүн “Хятадаас 105 хүн ирээд л Дарханы замыг барьчих юм уу” гэж гайхаж байна лээ.

-Тэгж байгааг нь би ч бас анзаарсан. Дарханы замыг таван багцад хуваан, таван өөр хятад компани тавихаар болсон. Бүгд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Тэдний доор Монголын туслан гүйцэтгэгч компаниуд ажиллаж байгаа. Дарханы болон Налайхын замд 6000 гаруй инженер, техникийн ажилчид ажиллана. Хятадаас ирэх 105 иргэн эдгээр ажилчдыг удирдах, замын ажлыг эхлүүлэх хүмүүс юм шүү. Ийм зайлшгүй шаардлага тулгарсан учраас л Засгийн газар тэднийг Монголд авч ирэх гээд байгаа юм шүү дээ. Түүнээс биш зүгээр л 105 хятад иргэн авч ирээд, хүрз, жоотуу үүрүүлэх гэж байгаа юм огт биш. Тэднийг ойрын хугацаанд Монголд авч ирээд ажлыг нь эхлүүлбэл монголчуудад л хэрэгтэй. Дарханы замыг нэг хоногийн өмнө ч болтугай барьчихвал ард түмэнд тустай шүү дээ.

Зарим хүн “Дулаан болчихлоо. Замын ажлаа яагаад эхлүүлэхгүй байгаа юм бэ” гэж шүүмжилж байгаа нь анзаарагдсан. Улсаас замын ажлыг нь эхлүүлэх гэхээр “Хятад иргэдийг авч ирэх гэлээ” гээд эсэргүүцээд байдаг байж болохгүй. Монголд 1000 гаруй ажилтан, компаниуд томоохон замын ажлыг эхлүүлэх гээд урд хөршөөс ирэх 105 иргэнийг л хүлээж байна. Тэд ирж байж Монголын томоохон замуудын ажил эхлэхийг дахиад тодотгоё. Түүнээс биш монголчууд бид мянга хүсээд нэмэргүй.

-Улсаас энэ талаар бодитой, дэлгэрэнгүй тайлбар ер өгөөгүй. Тэгэхээр иргэд гайхах нь аргагүй л дээ.

-Үнэн л дээ. Шууд л “Хятадаас 105 иргэн авч ирнэ” гээд нэмэлт тайлбар өгөлгүй хэлчихээр гайхалгүй яах вэ. “Монголчууд өөрсдөө барья, коронавирусийн халдварын үед Хятадаас иргэд авчраад дэмий” гэнэ шүү дээ. Тэгэхээр энэ талаар иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх их чухал. БНХАУ-аас ямар учиртай иргэд ирэх гэж байгаа талаар монголчууд нарийн мэдээлэлгүй байгаа шүү дээ.

Иргэд хоёулангийнх нь ярилцлагыг уншаад, таны тайлбараас ямар ч байсан тодорхой мэдээлэлтэй болох байх аа.

-Тэгэх байх аа. Тэгээсэй гэж найдаж байна. Улсын хөгжил замаас эхэлдэг. Зам тавина гэдэг олон хүний хамтын хөдөлмөр. Ерөөсөө 105 хятад иргэнийг өмөөрөөд байгаа юм энд огт байхгүй. Нөхцөл байдал ийм байгаа юм шүү.

ТАЙЛБАР: Бид өнгөрсөн бямба /2020.03.21/ гарагт ярилцсан юм. Маргааш нь буюу өчигдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНХАУ-аас 105 иргэн авч ирэх асуудлыг түр хугацаанд хойшлуулах шийдвэр гаргав.

СПОРТ ХӨӨХ БОДОЛТОЙ БАЙСАН БИ ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ЗӨВЛӨСНӨӨР ЗАМЧИН БОЛСОН

Таны аав, ээж хоёр насаараа авто замын салбарт ажиллаж яваа эрхмүүд. Энэ салбарт хөл тавихад, амьдралаа холбоход тань хэр нөлөөлөв. Замчин болох нь таны сонголт байв уу. Эсвэл аав, ээжийнхээ зөвлөснөөр энэ салбарт хөл тавьсан уу?

-Үнэнийг хэлэхэд би багадаа замчин болно, энэ салбартай амьдралаа холбоно чинээ төсөөлөөгүй. Аав, ээжийнхээ зөвлөсний дагуу ШУТИС-ийн замын инженерийн ангид элссэн, юуг нь нуух вэ. Намайг есдүгээр ангид байхад л ээж “Миний хүү айлын ганц. Аавынхаа мэргэжлийг өвлөөд, удам дамжсан замчин болвол сайхан аа” гэдэг байсан. Амьхандаа намайг ятгаж байгаа нь тэр. Тухайн үед би сагсан бөмбөг сайн тоглодог байсан тул тэс өөр бодолтой байлаа. Спорт хөөгөөд биеийн тамирын багш, дасгалжуулагч болох талаар бодож явахгүй юу.

Миний бодол тийм. Гэтэл аав, ээжийнх өөр байлаа. Тэгээд л тэднийхээ зөвлөснөөр замчин болсон. Аав, ээжийнхээ зөвлөгөөг дагаж, мэргэжлээ зөв сонгосондоо үнэхээр их баярладаг. Мэргэжлээрээ тууштай ажилласаар “Мөнхөд ашдын зам” нэртэй замын зөвлөх үйлчилгээний компаниа 2010 онд байгуулсан. Би улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ, яах вэ гэж үргэлж боддог. Хөгжлийн хамгийн гол түлхүүрийн нэг нь үйлдвэрлэл. Тиймээс замын гэрэлтүүлгийн цогц үйлчилгээний YLM компаниа 2017 онд Японы хөрөнгө оруулалтаар байгуулсан. Бид гэрэлтүүлгийн шон, гэрэлнээс авхуулаад цөөнгүй бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг.

-Таны аав гавьяат барилгачин, Нийслэлийн авто замын газрын даргаар олон жил ажилласан эрхэм. Аавынхаа нэрийг сэвтээчихгүй юм сан гэж их хичээдэг байх. Заримдаа өөрийгөө голох үе гарах юм уу?

-Гаралгүй яах вэ. Гэхдээ аль болох дутуу дулимаг юм хийхгүй, чанартай гүйцэтгэхийг хичээдэг. Чадна гээд л мэргэжлийн сургуулийг нь төгссөн учраас чадах л ёстой. Оюутан байхад манай ангийн олонх нь аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн байсан. Би дээд сургуульд орохоос авхуулаад “Даргын хүүхэд” гэгдсэн. Тэр нь заримаа дарамт болдог байлаа. Бүхнийг чадах ёстой, аавынхаа нэрийг сэвтүүлэх вий гэж хичээсээр өдий хүрсэн. Тэгж явсан маань намайг их хурцалж, өдий зэрэгт хүргэсэн юм уу даа. Оюутан байхдаа аавынхаа чихийг ганц нэг удаа халууцуулсаан. Одоо ч гэсэн аавынхаа ажил үйлсийг нь үргэлжлүүлэх гээд хичээж явна. “Ишш чааваас даа” гээд хэлүүлээгүй. Тэгэхээр бас ч гайгүй яваа бололтой.

ААВЫГ НАЗГ-ын ДАРГА БАЙХАД БИ НИЙСЛЭЛТЭЙ ГАНЦ Ч ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ

Аливаа ажил, тендерт “Ааваараа яриулчихлаа” гэх хардлага багагүй дагадаг байх. Тийм үед эмзэглэдэг үү?

-Их гоё асуулт асуулаа. Надаас сэтгүүлчид энэ талаар асууж байгаагүй юм байна. Энэ зовлон одоо ч надад тохиолддог. Аав минь одоо төрийн ажлаас хөндийрсөн, “Мөнхөд ашдын зам” компанийн зөвлөх инженерээр ажилладаг. Манайх яг бүх болзол, стандартыг нь хангаад тендерт шалгарахад “Аав нь нөлөөлчихлөө” гэж хардах нь цөөнгүй. Аав 2012-2016 онд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргаар ажиллахад би дээрх хугацаанд тус газартай ганц ч гэрээ байгуулаагүй, хамтарч ажиллаагүй. Хэд хэдэн төсөл дээр хамтрах гээд төлөвлөж байтал аав даргаар нь томилогдчихдог байгаа. Тэгэхэд аав “Намайг энд даргаар байгаа үед чи нийслэлд ганц ч ажил хийхгүй, боломжгүй. Хөдөө орон нутагт л ажлаа хий” гэсэн. Яалтай билээ, аавынхаа үгийг л дагасан, ааваасаа зөрж яаж зүрхлэх вэ.

Тэгээд ажлаа өгснийх нь дараа Налайхын замыг барихад гэрээ байгуулсан юм уу?

-Тэгсэн. Аав Нийслэлийн авто замын газрын даргын ажлаа 2016 онд өгсөн. Налайхын замыг барих тендер дараа нь зарлагдаж, манай компани зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр тэнцсэн юм.

–Та удирдаад, “Мөнхөд ашдын зам”–аараа Монголын ямар, ямар томоохон замыг тавьсан бэ?

-Монголчуудын хамгийн сайн мэдэх Налайхын замыг барихад бид зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Мөн Архангай аймгийн Цахир сумаас Завханы Их-Уул, Тосонцэнгэлийг дайрсан 127.1 км замыг 2013-2016 онд, Говь-Алтайг Ховдтой холбосон 165 км замыг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 29.3 км замыг барьсан. Одоо Завханы Загастайн даваанд тавьж буй замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

“ШИНЭ ЗАВХАН” ТӨСЛӨӨ НУТАГТАА 10 ЖИЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та аав, ээжийнхээ нутаг болох Завханд “Шинэ Завхан” төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх санаа танд хэрхэн төрөв?

-Би ер нь 2013 оноос хойш Завхан нутагтайгаа холбоотой ажиллаж байна. Тэр жил Архангайн Цахираас Завханы Их-Уул, Тосонгийн замыг манай компани бариулсан юм. Замын ажлаар орон нутгаар их явна. Бусад аймгийг нутагтайгаа жишнэ. Тэгж явахад манай аймаг хөгжлөөр бусдаасаа ялимгүй хоцрогдсон нь анзаарагдсан. Хоёр жилийн өмнө Завханы Шилүүстэй сумын 80 жилийн ой болсон юм. Ээжийн минь төрсөн нутаг л даа. Тиймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шилүүстэй сумыг гэрэлтүүлэгтэй болгосон. Нутагтаа, Завхандаа юм хийе, хөгжүүлье гэдэг санаа тэндээс эхтэй.

Тэгээд “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг өнгөрсөн жил байгуулав. Улсын гарьд Б.Гончигдамба, даян мэргэн Б.Ёндон, Монгол Улсын манлай уяач Д.Баяраа тэргүүтэй олон залуус бидэнтэй нэгдсэн. Бид “Шинэ Завхан” төслийг нутагтаа 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр Завханы сумдаар оны өмнө явж, хөтөлбөрөө танилцууллаа. Монголчууд бид сонгуулиас сонгуулийн хооронд их зүйл хүлээдэг. Одоо хөгжүүлэх болов уу, амьдрал сайхан болно гэж итгэдэг. Гэтэл бодит байдал дээр ямар билээ. Тиймээс бид урт хугацааны хөтөлбөрийг боловсруулж, Завхан нутгаа хөгжүүлэх санааг гаргасан юм. Тэгээд Завханы сумдаар явж, иргэдийнхээ санал, бодлыг сонслоо. Иргэн бүрийн саналыг “Шинэ завхан 2020-2030” төсөлдөө тусгасан. Үүнийгээ одоо эрдэмтэдтэй хэлэлцэж, эцсийн байдлаар батална.

Эцсийн байдлаар хэзээ бэлэн болох вэ?

-Дөрөвдүгээр сард бэлэн болчих байх. Энэ төсөл Завхан аймгийн ирээдүйн 10 жилийн хөгжлийг тодорхойлно.

ЗАВХАН АЙМАГ “ЭРҮҮЛ ХҮНС, ЭКО БҮС НУТАГ” БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

“Шинэ Завхан” төслийг хэрэгжүүлснээр Завханд ямар өөрчлөлт гарах вэ. Та бүхэн юуны төлөө зорьж, зүтгэж байгаа бол?

-Завхан нутгаа Монгол Улсын тэргүүлэгч аймаг болгох. “Эрүүл бүс, эко бүс нутаг” болох боломж манай нутагт бүрэн бий. Завхан зарим аймагтай харьцуулахад уул уурхайгаас харьцангүй хараат бус. Гэхдээ хэд хэдэн уурхай манай нутагт бий. Жишээлбэл, Дөрвөлжин суманд байдаг “Баян айраг Эксплорэйшн” ХХК. Завханыг “Эко бүс нутаг” болгоход хамгийн их чөдөр болж байгаа байгууллага бол тус компани.

Завхан аймаг ягаан хальст сармисаараа алдартай, яах аргагүй тус нутгийн брэнд. Тэгэхээр “Эрүүл хүнс, эко бүс нутаг” болгохын тулд тийм брэнд бүтээгдэхүүн олонтой болох чухал байх.

-Ёстой тийм шүү. Иргэд яг ийм санал бидэнд хэлсэн. Бид ч хөтөлбөртөө тусгасаар байгаа. Завхан нутагт эмийн төрлийн 100 гаруй ургамал, эрдэс ургадаг юм билээ. Гэтэл Улаанбаатар хотын ойролцоох аймгуудад 20-иод төрөл л ургадаг гэсэн. Манай аймаг чацарганаараа алдартай. Завханд маш олон давуу тал бий.

Зүгээр л нутгаа хөгжүүлье, улс төрөөс ангид байя гэсэн бодолтой олон залуус бий. Тэдний нэг нь би. Ерөөсөө ийм бодолтой залуусыг нэгтгэх, зангидах чухал юм билээ. Тэгээд би “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, нутгаа гэсэн сэтгэлтэй залуучуудыг нэгтгэсэн юм.

БИДНИЙГ ЗАВХАНЧУУД МАШ ИХ ДЭМЖИЖ БАЙГАА

“Шинэ Завхан” төслийг завханчууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Сэтгэгдэл их өндөр байна лээ. “Залуучууд нэгдээд, нутгаа хөгжүүлье гээд явж байгаагаар нь бахархаж байна” гээд маш олон хүн дэмжиж буйгаа илэрхийлсэн.

УЛСЫН НААДАМД МОРИО АЙРАГДУУЛСАН, НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ ЦОЛТОЙ

Та Монголын морин спорт, залуу уяачдын холбоог 2016 онд үүсгэн байгуулсан. Монголын морин спорт, уяачдын холбоотой нэгдэхэд юу нөлөөлөв?

-Нэг их айхтар нөлөөлсөн юм байхгүй ээ. Ерөөсөө олон холбоо, тархай бутархай яваад яах вэ гээд л өгөрсөн жил нэгдсэн юм. Одоо би Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгч гишүүнээр ажилладаг.

Нийслэлийн алдарт уяач цолтой та хүлгээ улсын наадамд айрагдуулсан. Уясан хүлэг нь Төрийн наадамд торгон жолоо өргүүлэхэд юу бодогдож байв?

-Үнэхээр их баярлалгүй яах вэ. Монгол эр хүн болж төрсний жаргал мөнөөс мөн шүү дээ. Би багаасаа моринд хорхойтой байсан. Одоо 10-аад жил морь уяж байна. 2016 оны улсын наадмын их насны морьдын уралдаанд зээрд морио айргийн тавд давхиулсан. Төрийн наадамд морио айрагдуулчихаад Завхан нутгийнхаа, аавынхаа нэрийг дуудуулаад зогсох сайхан юм билээ.  

Улс, бүсийн наадмаас хэчнээн айраг, түрүү хүртсэн билээ?

-Улс, бүс, аймгийн наадмаас 30 гаруй айраг, түрүү хүртсэн. Нийслэлийн алдарт уяач. “Хүрээ цам даншиг наадам”-ыг анх удаа сэргээн, зохион байгуулахад сартай зээрд морь маань түрүүлж, торгон жолоогоо өргүүлсэн юм. Миний зээрд морийг монгол түмэн андахгүй.

Та ер нь морьдоо хаана уядаг вэ?

-Өлзийт хороололд. Нэг их айхтар галд харьяалагдаад явдаггүй. Хувиараа л уядаг. Зарим хүн “Мөнгөтэй хүн морь уядаг” гэдэг. Тийм биш шүү дээ. Моринд үнэнхүү хайртай, дуртай болохоор адууны сүүл боож явахаар илүү жаргал гэж юу байх вэ. Ажил ихтэй байдаг ч зав гаргаад л морьд руугаа явах гэж яардаг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Эх сурвалж: Eguur.mn Б.Буяндалай

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here