Бүлгийн соёлтой Японы нийгэмд өдрийн хоолоо ганцаараа идэх нь байж боломгүй зүйл мэт тооцогддог байсан цаг саяхан. Тийм ч учраас бусдын нүднээс далд, угаалгын өрөөний суултуур дээр сууж хооллохыг тодорхойлсон Бэнжо мэши гэх хэллэг хүртэл гарчээ.
Харин сүүлийн үед Япон улсад охиторисама хэмээх хөдөлгөөн эрчимжиж байна. Охиторисама гэдэг нь япон хэлнээ ‘бүлгийн нэг’ гэсэн утгатай бөгөөд бүхнийг ганцаараа хийхийг (супер соло соёл гэх нь ч бий) эрмэлзэж буй япончууд уг хэллэгээр өөрсдийн амьдралд нэвтэрсэн шинэ хэв маягийг тодорхойлж байна. Тэдний нэг бол Шинжүкү шөнийн дүүрэгт байрлах Хитори баранд барменаар ажилладаг Мики Татейши юм. Хитори (ганц хүн гэсэн утгатай) бар нь 2018 онд нээгдсэн бөгөөд ганцаараа уух хүсэлтэй хүмүүст үйлчилдэг аж.
Шинжүкү шөнийн дүүрэгт байрлах Хитори бар
Татейши Зарим хүн ганцаараа байхдаа тааламжтай байдаг бол зарим нь амьдралдаа шинэ хүрээлэл бий болгохыг хүсдэг хэмээн ярив. Хитори барны нэг хүний бодлого нь ганц ганцаараа явж буй хүмүүст хоорондоо яриа өрнүүлэх боломжийг олгодог гэсэн юм. Тус уушийн газар 10 орчим үйлчлүүлэгч л багтах давчуухан орон зайтай бөгөөд энэ нь хажуудах хүнтэйгээ яриа үүсгэх боломжийг нэмэгдүүлдэг гэжээ.
Энэ мэтчилэн уушийн газраас эхлээд кафе, ресторан, караоке гэх мэт бүх төрлийн үйлчилгээний газар ганцаараа явж буй хүмүүсийн эрэлт хэрэгцээг харгалзан үзэх нь нэмэгдэж байна. Жишээлбэл, Токиод үйл ажиллагаа явуулдаг 1Кара нэртэй ганц хүний караокед PR, борлуулалтын менежерээр ажилладаг Даики Яматани Ганц хүний караокены эрэлт 30-40 хувиар нэмэгдсэн гэж ярьжээ. Тиймээс тэднийх утасны бүхээгийн хэмжээтэй ганц хүний караокег олноор нь байршуулжээ.
1Кара ганц хүний караоке
Үүгээр зогсохгүй, сүүлийн нэг жил хагасын хугацаанд япончууд охиторисама хэв маягт нэгдэж буйгаа олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, мэдэгдэх нь нэмэгджээ. Инстаграмаас “ohitorisama” гэж бичээд хайвал ганцаараа хооллож, кино үзэж, архи ууж буй хүмүүсийн зураг олноороо гарч ирэх аж.
Найз нөхөд, ажлын хамт олонтойгоо зугаацан цэнгэж, хамтдаа хооллодог хамтын соёл бүхий Япон улсад яагаад ийм хөдөлгөөн идэвхтэй өрнөх болов?
НИЙГМИЙН ДАРАМТ
Барууны орнуудад ганц бие амьдралыг сонгох нь тийм ч гайхширмаар зүйл биш билээ. Жүжигчин Кристина Хендрикс өнгөрсөн арванхоёрдугаар сард ганцаараа концерт үзэж буй зургаа #solodate гэсэн хэштагаар оруулж байв. Мөн жүжигчин Эмма Уотсон Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ганц бие байгаадаа аз жаргалтай байна хэмээн мэдэгдэж, энэ хэв маягаа “өөр өөртэйгөө хамтран амьдрах нь” гэж нэрийджээ. Түүнчлэн зарим хэвлэл цэнгээний газар ганцаараа уух, ном унших зааварчилгааг хүртэл гаргажээ.
Харин Япон гэх мэт бүлгийн нэг гишүүн байж, зохицож амьдарсаар ирсэн улсуудад үйлчилгээний газруудаар ганцаараа үйлчлүүлэх нь шинэ соёл юм. 125 сая хүн амтай тус улс Калифорни мужаас ч бага нутаг дэвсгэртэй бөгөөд дийлэнхийг нь уул нурууд эзэлдэг. Тиймээс япончуудын хувьд орон зай чухалд тооцогддог ба аль болох бусадтай зохицож, нийцэж амьдрах сонголтыг хийсээр иржээ. Гэвч орчин цагт энэ байдал нь хүмүүст дарамт шахалт болж байгаа аж.
Нөгөөтэйгүүр сошиал медиа дахь найзын тоо, лайкын хэмжээгээр хувь хүний үнэ цэнийг тодорхойлж буй өнөө үед ганцаараа байх нь үе тэнгийн дээрэлхэл, гадуурхалаас зугтах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, 24/7 онлайн амьдрал нь охиторисама хэв маяг дэлгэрэхэд нөлөөлж байна Номура эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах зөвлөх Мотоко Мацушита ярьсан байна. Тэрбээр охиторисама хэв маягийн үүсэл гарал болон цаашдын ирээдүйг судалдаг эрдэмтдийн нэг юм.
24/7 онлайн амьдрал нь “охиторисама” хэв маяг дэлгэрэхэд нөлөөлж байна гэв.
Бэнжо мэши гэх хэллэгийг гаргаж ирсэн Осака их сургуулийн социологич Даисукэ Цужигийн хэлж буйгаар, хүүхдүүд ганцаараа хооллох дургүй учраас угаалтуурын өрөө рүү орж хооллодоггүй, харин үеийнхэн нь түүнийг найз нөхөдгүй хүн гэж бодох вий гэдгээс эмээдэг учраас ийн олны нүднээс далд, ганцаараа хооллодог гэжээ. Гэхдээ ганцаараа байхыг сөргөөр хардаг хандлага багасаж байгааг тэрбээр онцолсон байна.
2015-2018 оны хооронд 10 мянга орчим хүнийг хамруулсан судалгаагаар бие даасан байх, гэр бүлийн амьдралыг уян хатан төлөвлөх зэрэгт хүмүүс харьцангуй эерэг ханддаг болсон нь ажиглагджээ. Түүнчлэн заавал хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх ёстой гэж боддог хүний тоо буурч, хүүхэдтэй байсан ч гэр бүлээ цуцлуулах нь хэвийн зүйл гэж үзэж байгаагаа судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
2040 ОН ГЭХЭД НАСАНД ХҮРСЭН ЯПОНЧУУДЫН 50 ХУВЬ НЬ ГАНЦААРАА АМЬДАРНА
Өнгөрсөн жил Япон улс 1899 оноос хойш түүхэндээ анх удаа хамгийн бага төрөлттэй байжээ. 2019 онд Японд 864 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна. Нэг гишүүнтэй өрхийн тоо 1995 онд нийт өрхийн 25 хувийг эзэлж байсан бол 2015 онд 35 хувь болтлоо нэмэгджээ.
Ганц бие хүмүүсийн худалдан авах чадварыг цаашид үгүйсгэх аргагүй болж байна гэж судлаач Казухиса Аракава ярив. Тэрбээр Японы хамгийн том зар сурталчилгааны компаниудын нэг Хакуходод ажилладаг. 2040 он гэхэд 15-аас дээш насны нийт хүн амын 50 хувь нь ганцаараа амьдарна гэж Аракава super solo society номондоо бичжээ.
2030 он гэхэд ганцаараа амьдардаг хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 128 хувиар нэмэгдэнэ.
Хитори бараар тогтмол үйлчлүүлдэг Эрика Миура ганцаараа гулгаж, кино үзэж, караоке ордог хэмээсэн юм. Ингэх нь түүнд илүү их эрх чөлөөг олгодог гэж 22 настай бүсгүй ярьжээ. Харин 1Кара караокены үйлчлүүлэгч Го Ямагучи Найзуудтайгаа караоке орвол ээлжээ хүлээх хэрэгтэй болно. Бас сайн дуулж чадахгүй бол эвгүй шүү дээ. Харин ганцаараа байвал хүссэн дуугаа дуулж болно гэв.
Сонирхолтой нь, ганц бие гэрлээгүй хүмүүс л охиторисама хэв маягийг сонгодог уу гэвэл тийм биш юм. Гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс, өндөр настнууд хүртэл энэ мэт гадуур ганцаараа гарч, цагийг зугаатай өнгөрөөх нь нэмэгдэж байгаа гэнэ.
Цаашлаад, зөвхөн Япон ч биш дэлхий нийтээрээ ганц бие амьдралын хэв маяг руу явж байна. Лондонд төвтэй Euromonitor International судалгааны байгууллагын тооцоолсноор 2030 он гэхэд ганцаараа амьдардаг хүний тоо дэлхий нийтийн хэмжээнд 128 хувиар нэмэгдэнэ (2000 онтой харьцуулахад) гэжээ.
Эх сурвалж: BBC