Прокурорын байгууллага ЖДҮ сан болон төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар арга авч байгаа талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа. 

-Өчигдөр УИХ гишүүн асан Х.Тэмүүжин прокурорын байгууллага ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг гаргаж, Улсын Ерөнхий прокурорт албан бичиг өгсөн. Энэ талаар танай байгууллага ямар суурьтай байна вэ?  

-2017 оны 7 дугаар сарын 1-нй өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно гэж заасан.

Хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах прокурорын чиг үүргийг дагнан хариуцах, ажил сайжрах хөшүүрэг болгож Улсын ерөнхий прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дотор Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба-ыг байгуулсан.

2019 оныг 2018 онтой харьцуулахад прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 1.8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ шаардлага төрд байгаа гэж харж байна.

Прокурор анхан шатны 862 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1.8 дахин өссөн байна. 

Гэсэн хэдий ч прокурорын санаачилгаараа бичсэн нэхэмжлэлийн 45 хувийг шүүх хүлээж авахгүй байна. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байна. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн. 

Тэгэхээр ИХШХШТ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцож болохоор байна. 

– ЖДҮ сантай холбоотой хэргийн шийдвэрлэлт ямар шатандаа явж байна вэ? 

– ЖДҮ-тэй холбоотой хэргийн хохирлыг төлүүлэх нь гарцаагүй, энэний араас төрийг төлөөлж явах учиртай прокурор явах нь тодорхой. Гагцхүү зарим хэргийн тухайд эрүүгийн хэргийг АТГ шалгаж байгаа, үүнд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй хэргүүд байгаа. Зарим нь зээлээ төлж дуусгасан, зарим нь зээлээ төлсөөр байгаа тохиодлууд ч байгаа. Иймд энэ талаар дахин судлах шаардлага байгаа.

Эрүүгийн хэрэг мөн гэж шүүх шийдвэрлэвэл хохирлыг гаргуулахаар эрүүгийн шүүх шийдвэрлэх байх, магадгүй гэмт хэрэг биш гэж шийдвэрлэвэл прокурор нэхэмжлэл гаргах дараагийн асуудал яригдана. Ямар ч байсан бид энэ асуудлыг орхихгүй. 

Г.МӨРӨН, IKON.MN

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here