Монголын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэгтэй “Андлалын цогцолбор”-ын бүтээн босголт, мөн дүрслэлийн талаар  цөөн хором ярилцлаа.

Тэрбээр их хааны хамгийн том морьт  хөшөөг Монголын нутаг Цонжинболдогт урлан босгосон цорын ганц уран бүтээлч юм. 

Мөн өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Майдар бурханы дүрийг хөшөөг болгож, цогцолбор барилгын хийцтэй хослуулан бүтээсэн байна.

-Та сайхан өвөлжиж, шинэлсэн үү. Таны бүтээсэн Андлалын өргөө цогцолбор, Андгай брэндийн талаар тодруулах зүйл байна. Эхлээд та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Сайхан өвөлжиж, шинэллээ. Андгай брэнд гэдэг сүүлд гарсан бэлэг дурсгалын нэр. Энэ нь Андлалын өргөө цогцолборыг 999 дахин багасгасан хувилбарыг хэлж байгаа юм. Ер нь “Андлал” аялал жуучлалын цогцолбор гэдэг утгаар яригдана. Андгай брэнд гэдэг нэр бас их зөв л дөө. Энэ талаар бид яваандаа олон түмэнд тайлбарлана.

Ингэхэд аялал жуулчлалын салбарт чиглэсэн Монгол улсын Засгийн газрын том зорилго байгаа. Энэ чиглэлээр их олон жил хувийн хэвшлийнхэн өөрсдөө зүтгээд л байдаг. Тиймээс нэгдсэн бодлого заавал хэрэгтэй болж байгааг энэ Засгийн газар эхлүүлсэн дээ. Бидэнд нэг брэнд байсан байна, тэр бол ЧИНГИС ХААН.

Бид энэ боломждоо тулгуурлаад ажлаа эхлэх нь зөв. Яагаад вэ гэхээр урд, хойд хөршүүд маань Чингис хааныг жинхэнээсээ бүтээгдэхүүн болгочихлоо. Манай улс яг үнэндээ хэлэхэд Цонжинболдогийн Чингис хааны цогцолбороос өөрийг бүтээж байгуулаагүй суугаад байгаа. Бодлогын төвшинд ч юм байхгүй, Чингис хаан судлалын хүрээлэн ч байхгүй байлаа. Гэтэл Чингис хааны төрсөн нутаг нь байж ийм байдалтай байгаа нь хариуцлагагүйн шинж байх.

Ер нь Андлалын өргөө цогцолбор нь Засгийн газрын хийж буй аялал жуучлалын цогц хөтөлбөр юмуу гэж бид харж байгаа. Тэгэхээр Чингис хаан гэдэг түүхэн том сэдэв байгаагаа төрсөн нутгаас нь хэрэгжүүлж эхэлсэн нь Андлалын өргөө цогцолбор юм.

-Ингэхэд Андлалын өргөө цогцолборыг анх санаачлагч нь хэн бэ. Та өөрөө санаачилсан уу. Ер нь Чингис хааны түүхтэй холбоотой ийм том цогцолбор байгуулах төслийн ард талд хэн байна вэ?

-Бид гэдэг бол хоёр талтай шүү дээ. Бид гэдэгт энэхүү цогцолборыг үүсгэн байгуулсан олон хүмүүс байгаа. Андлалын өргөөг Эрдэмбилэг ганцаараа хийхгүй шүү дээ. Барилгын компанитай хамтраад хийж байгаа. Нөгөө талаар бодлогын баг ар талд ажиллаж байна. Энэ бол Засгийн газрын хөтөлбөрт тусгасан бодлогын үр дүн юм.

-Андлалын өргөө цогцолборын дүрслэл нь их билэгдэл агуулсан, сонирхолтой харагдаж байна. Дүрслэлийнхээ талаар тайлбарлаж өгнө үү. Гэхдээ уучлаарай, ийм дүрслэлийн гүн санааг та өөрөө зохиов уу, эсвэл танд санааг нь хэлсэн хүн байна уу?

-Уран бүтээлч хүмүүс янз янзаар өөрийгөө сорьж, өөрийнхөө бодож, санаж яваа зүйлээ бүтээлээрээ илэрхийлдэг. Хөгжмийн зохиол ч гэсэн. Байгалийн зураглал, хүний ёсны харилцааг илэрхийлдэгтэй адил миний сүүлийн 20-иод жилд хийж, судалж сонирхож байгаа сэдэв маань Чингис хаан. Олон жил Чингис хааныхаа талаар нэлээдгүй юм хийж судалж сонирхож л явах юм.

This image has an empty alt attribute; its file name is 28-tamga-6-1.jpg

Таны асуултанд хэлэхэд, миний эцгийн захисан захиас, ахмад настнуудын маань захиас байдаг юм. Нөгөө л түрүүний хэлдэг Хэнтийчүүдийг Чингис хааны төрсөн нутаг мөртлөө юу ч хийхгүй байна гэдэг харуусал байдаг нь нууц биш. Тиймээс бид ахмад уран бүтээлчидээ залгамжилж ямар нэг зүйл заавал хийх нь бидний үүрэг гэж боддог. Тиймээс Андлалын өргөө цогцолборыг бүтээн босгож байгаад урамтай байна.

-Та Андлалын өргөө цогцолборыг чоноор яагаад дүрслэх болов. Энэ дүрслэлийн тайлал, ач холбогдлын талаар сонирхуулж хэлэх зүйл байна уу?

-Чонын дүрслэлийн ач холбогдол нь хоёр гурван талтай. Ер нь аялал жуучлалын ач холбогдолыг нь хэн ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Харин үзэл санааны ач холбогдол бол мэдээж бидэнд эв нэгдэл чухал юм. Эртнээс монголчууд чоно, бугыг бэлгэшээдэг байжээ.

Эв нэгдэл буюу хоёр хүн хоорондоо анд болоод андгай тавьсан л бол хэлсэн амандаа хүрсэн байх хэрэгтэй. Үүний тод жишээ бол Тэмүжин, Боорчи хоёрын андгай тавьж, анд болцгоосон тэр том үйл явдал байна. Энэ үйл явдал нь түүхэнд тэмдэглэгддэг л дээ. Тэр хоёр түүхэн хүн тийм залуу байхдаа үерхэж нөхөрлөөд үхэн үхтлээ нөхөрлөж, хамт байсан нь гайхалтай юм.

Гэтэл одоогийн монгол эрчүүдэд дутагдаж байгаа хэлсэн амандаа хүрдэггүй байдал бараг зуршил болж байна шүү дээ. Тэгэхээр ийм буруу харилцааг халахын тулд бид Чингис хаанаас сурах ёстой. Тэмүүжин, Боорчи хоёрын андлалын гайхалтай түүхээр мөнхөлж, хүмүүсийн оюун санааг эхлээд өөрчлөх хэрэгтэй байна.

Харин эв нэгдэл талдаа бол ойлгомжтой. Бид эвтэй байж л хоёр намч бай, гэр бүлийн хоёр ч бай хоёр найз ч бай, цаашаа ядаж бизнес, улс төрийн үйл ажиллагаа нь ард түмэнд ойлгомжтой байх хэрэгтэй. Хэрэв эвтэй байхгүй хоорондоо тэмцэлдээд байвал дунд нь хэн хохирох вэ. Ард түмэн бид л хохирч байна шүү дээ. Иймээс энэ дүрслэл ийм л хоёр дурсгалын зүйл шүү дээ.

-Их баярлалаа. Таны түүхэн уран бүтээлийн бүтээн босголтонд өндөр амжилт хүсье.

Б.БАЯРМАА

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here