Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргалаа. 

Хил хаах асуудал дээр Засгийн газрын гишүүд санал нэгджээ.

Коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж байгаа учраас БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудыг хаах нь зөв гэж үзсэн байна. 
 

Тодруулбал
 

  • Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар (Агаарын, төмөр замын, авто замын) хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
     
  • Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. 
     

Шийдвэртэй холбоотойгоор
 

  • Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. 
     
  • Гуравдугаар сарын 2-ныг хүртэл “Буянт-Ухаа” болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй монгол иргэдийг нэвтрүүлнэ. 


Хилийн боомтуудыг хаах шийдвэрийн хүрээнд бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлахгүй гэдгийг Засгийн газар онцгойлон анхаарууллаа. Манай улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай.

Сануулахад, Монгол, Хятад хоёр улс 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс 2019 онд БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийсэн. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлсэн үзүүлэлт юм. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байна. Эдгээр нь улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй ашигт малтмал. Монгол Улс 2019 импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 33.6 хувийг БНХАУ-аас авсан байгаа юм. Импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувь нь олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.



ХИЛЭЭ ХЭСЭГЧЛЭН ХААСАН БУСАД УЛСУУД
 

ОХУ гуравдугаар сарын 1-нийг хүртэл хилээ хаав

ОХУ-ын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн Алс дорнодын таван бүс дэх хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хаахаар болсныг Шадар сайдын орлогч Татьяна Голикова мэдэгдсэн Тодруулбал, зургаан сая гаруй хүн амтай Алс Дорнодын Холбооны тойргийн бүсүүд болох Амур муж, Еврейн автономит муж, Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Транс Байгаль орчмын бүс нутгуудаар БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаажээ. Алс Дорнодод хилийн боомтууд Цагаан сартай холбоотойгоор нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллахгүй байгаа. БНХАУ Цагаан сарын амралтыг хоёрдугаар сарын 2-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор хил нээгдээгүй байсан. Тэгвэл коронавирусийн дэгдэлт улам нэмэгдэж, нас барагсдын тоо өсөж буй нь ОХУ-ын зүгээс хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэр гаргахад нөлөөлжээ.  


Казахстан улс Хятадтай залгаа хилээ хаалаа

Казахстаны Засгийн газраас өчигдөр /2020.01.30/ коронавирусийн аюулаас эх орноо хамгаалахын тулд хэд хэдэн шуурхай арга хэмжээ авснаа зарласан. Казахстанд тус өвчний халдвар илрээгүй байгаа ч Хятадтай залгаа хилээ хаагаад байна. Ингэхдээ, 

  • Казахстан, БНХАУ-ын хоорондох автобусны хөдөлгөөнийг 2020.01.29-нөөс зогсоосон.
  • Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хоёр улсын хоорондох суудлын галт тэрэгний маршрутыг хаана.
  • Хоёрдугаар сарын 3-наас агаарын тээврийг зогсооно.
  • Мөн Хятадын иргэдэд виза олгохоо больсон.

Монгол Улс хилийн боомтоор зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж ажиллав

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д гарсан коронавирусын дэгдэлттэй холбогдуулан “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйлд заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнд 2020 оны нэгдүгээр сарын 28-31-ний өдрүүдэд дараах хязгаарлалтыг хийж ажиллав.
 

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТООР ЗОРЧИХ ИРГЭДИЙН
ХӨДӨЛГӨӨНД МӨРДСӨН ХЯЗГААРЛАЛТ

(2020.01.28-2020.01.31-ний хооронд)
 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД
 

  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу албан ажлаар болон тус улсаар дамжин гуравдагч улс руу зорчих иргэдийг албан байгууллагын шийдвэр, томилолт, аяллын тийз, хөтөлбөрийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Хятадын талд автомашинаа орхисон нүүрс тээврийн жолооч нарыг хартяалах аж ахуйн нэгж, компанийн албан бичгийг үндэслэн нэвтрүүлнэ.
  • Эрдэс баялаг (нүүрс, зэсийн баяжмал, газрын тос, төмрийн хүдэр, жонш)-ийн тээврийн авто машинуудын зөвхөн үндсэн жолоочийг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудаар БНХАУ руу хувийн хэргээр зорчих монгол иргэдийг улсын хил нэвтрүүлэхгүй.


ГАДААДЫН ИРГЭД
 

  • Монгол Улсаас БНХАУ руу зорчих гадаадын иргэдийг хилийн бүх боомтуудаар улсын хилээр нэвтрүүлнэ.
  • Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих буюу жуулчны “J” ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг Монгол Улсын агаарын замын “Буянт-Ухаа” боомт болон төмөр замын “Замын-Үүд” боомтоос бусад боомтоор нэвтрүүлэхгүй.
  • Монгол Улсад зорчих “J” ангиллаас бусад ангиллын визтэй хятад болон гуравдагч орны иргэдийг хоёр улсын хилийн боомтуудаар хэвийн нэвтрүүлнэ.

 Zindaa.mn З.Тэмлүүн 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here