Үндэсний хөгжлийн газрын ХБТГ-ын дарга А.Мөнхболдтой эдийн засгийн кордиорт чөлөөт бүс холбогдох хөрөнгө оруулалт болон Монгол улсын хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.

-Та хөрөнгө оруулагчдын форумд “Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөнд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл тавьсан. Хөгжлийн бодлогын талаар эхлээд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ер нь Монгол улс оршин тогтноё гэж зорьж байгаа бол хөгжих ёстой. Хөгжихийн тулд бид эдийн засгаа хөгжүүлэх нь чухал. Монгол улс эдийн засгаа хөгжүүлэхэд зайлшгүй хийх ёстой хэдэн арга хэмжээ байгаа юм.

Нэгд, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах, хоёрт, эдийн засгаа тэлэх ёстой. Гуравт, Эдийн засгаа солонгоруулахын тулд экспортын чиглэлийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ бүгдийг хийж чадвал мэдээж, Монгол улсын хүн ам болон эдийн засгийн орлого нэмэгдэж, монгол хүн бүхэн сайн сайхан амьдрах нөхцөл нь бүрдэнэ.

-Эдгээр нөхцөл боломжуудыг бүрдүүлэхийн тулд төрийн үйл ажиллагаа эхлээд яаж явагдах ёстой юм бэ?

-Монгол улсад эхний ээлжинд экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглах, эдийн засгаа солонгоруулах зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд бусад улсуудын хөгжиж ирсэн туршлагыг судлаад үзэхэд чөлөөт бүс маш их үүрэгтэй байна.

Жишээ татвал, тодорхой газар нутагт хөгжүүлэх ёстой үйлдвэрүүдээ төвлөрүүлж, гадаад зах зээлтэй холбож, нөгөө талаас түүхий эдийн бэлтгэн нийлүүлэх тогтолцоогоо хөгжүүлсэнбайна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах замаар гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, мөн дотоодын үйлдвэрээ дэмжиж ажилладаг туршлагууд байна. Энэ туршлагаас харахад чөлөөт бүсийн тогтолцоо чухал  юм.

-Монголын эдийн засгийг яаж солонгоруулах вэ. Үүнийг тайлбарлана уу?

-Өнөөдрийн байдлаар Монгол улсын эдийн засгийн бүтэц нь уул уурхай, үйлчилгээ гэсэн хоёр салбараас бүтэж байна. Барилга болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эзлэх хувь бага байгаа. Гэтэл бусад улс орнуудад  иргэдэд ажлын байр бий болгодог, амьдралыг нь сайжруулдаг эдийн засгийн бүтэц нь аж үйлдвэрийн эзлэх хувь өндөр байдагтай холбоотой.

Тодруулж хэлбэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа өндөр байж, ард түмний аж амьдрал өндөр хөгжиж байна. Сүүлийн үед мэдлэгт суурилсан эдийн засаг гэж ярих дуртай болсон. Мэдлэгт суурилсан эдийн засгийн бүтцийн 60-аас дээш хувь нь үйлчилгээний салбарт байдаг. Үүнд, худалдаа, тээвэр, бусад мэдээллийн технологийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар зэргийн эзлэх хувь нь 60-аас дээш хувь байж бүтцээрээ яригддаг асуудал юм.

Ер нь эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг учир нь эдийн засгийн хөгжилд суурилж нийгмийн хөгжлийг бий болгохыг хэлдэг. Үүний тулд манай Үндэсний хөгжлийн газар шаардлагатай эдийн засгийн бүтцийн төрлийг нэмэгдүүлж, мөн бүтцийг зөв болгохын төлөө ажиллаж байгаа.

-Засгийн газрын түвшинд сүүлийн 5-10 жилийн хугацаанд олон удаа эдийн засгийн, хөрөнгө оруулалтын чуулган, семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Эдийн засгаа солонгоруулна, чөлөөт бүсээ хөгжүүлнэ гэж ярьсаар байгаа. Гэтэл иргэдийн аж амьдрал дээшлээгүй, ажилгүйдлийн түвшин их, ажил хийж байгаа хэрнээ маш бага цалин авдаг зэргээс харахад хөгжлийн бодлого бодитой хэрэгжихгүй байна. Ард түмний төлөө ажиллаж чадахгүй байгаа шалтгааныг хэлнэ үү?

-Ард түмний амьдрал сайжрахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь 1992 онд шинэ үндсэн хуулийг баталсан. Энэ хуулинд Монгол улс зах зээлийн эдийн засагтай, олон ургальч үзэл бодолтой, иргэдийн эрх чөлөө, ардчилалыг хөгжүүлнэ гэж заасан. Бид өнгөрсөн хугацаанд эдийн засгийн загвараа авахдаа либерал зах зээлийн эдийн засгийг сонгож авсан. Ийм эдийн засгийн гарч буй үр дүн нь иймэрхүү л байдаг жишээтэй.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь өсдөг хэдий ч ажилгүйдэл, ядуурал, нийгмийн тэгш бус байдал, цаашлаад боловсролын алдаатай тогтолцоотой болдог. Мөн байгууллага, компаниудын удирдлагууд “ажилд аваад хал” гэдэг зарчмаар хүнд ханддаг хандлага Монголд үйлчилж байна. Энэ нь либерал зах зээлийн эдийн засгийн хэв шинж юм. Ийм эдийн засгийг сонгож авсан үр дүн нь өнөөдрийн нийгмийн, иргэдийн аж амьдрал бодитой харуулж байгаа.

Тэгэхээр Монгол төрийн бодлого ард түмнийхээ төлөө яагаад явагдахгүй байгаа юм бэ гэж та асуугаад байна. Яагаад гэвэл бид улстөр, эдийн засгаа өөрчлөөгүй цагт  иргэдийн аж амьдрал, нийгмийн өнөөгийн байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, худалдааны эрх зүйн орчноо зөв болгох нөхцлийг бүрдүүлэхгүй бол хэзээ ч урагшлахгүй. Сүүлийн жилүүдэд гадаадын, ялангуяа олон улсын байгууллагуудын шахалтаар Монгол улс неолиберализм бодлого явуулж байна.

-Неолиберализм бодлогыг яагаад явуулаад байгаа юм бол. Сөрөг нөлөө нь хэр их вэ?

-Неолиберализм бодлого бол эдийн засагт үзүүлэх төрийн оролцоог багасгасан. Мөн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүх дэмжлэгүүдийг болиулсан, капиталын урсгалыг чөлөөтэй болгосон. Худалдааг зохицуулалтгүй болгосон гэх мэтчлэн маш олон шинж тэмдгүүд нийгэмд байдаг.

Өнгөрсөн хугацаанд бид өчнөөн олон форум хийсэн, одоо ч олон хэлэлцүүлэг явагдаж байна. Энэ хэлэлцүүлэг, форумын үр дүнд 2019 онд  11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аас баталсан. Энэ өөрчлөлтийг дөрвөн чиглэлээр хэлэлцсэн. Гүйцэтгэх засаглал, Их хурал, ерөнхийлөгч, орон нутаг зэрэг төрийн эрх үүргийн хуваарилалтыг тодорхой болгосон. Энд хамгийн чухал хөндөгдсөн асуудал бол хөгжлийн бодлого төлөвлөлт юм.

Цаашид Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой болно. Үндэсний баялгийн сангаа байгуулна. Энэ нь урт хугацааны бодлоготой уялдаж, нийгмийн асуудлаа шийднэ гэж төлөвлөөд, эрх зүйн орчны суурийг тавьсан. Энэ хүрээнд бодлого болон эрх зүйн том өөрчлөлтүүд хийгдэнэ.

1992 оноос хойш Монгол улсын төр 580-аад бодлого боловсруулсан байдаг. Үүнээс хугацаа нь дууссан, хүчингүй болсон, зогсоосон зэрэг олон шалтгаанаар өчнөөн бодлогууд байхгүй болсон. Одоо 200 орчим бодлого үйлчилж байна. Гэтэл эдгээр бодлогууд нь хоорондоо уялдаагүй явж иржээ.

Мэдлэг, соёл, ажил, амьдралын туршлага тааруу хүмүүс төрд ажилладаг учир ийм олон бодлого гаргаж байна гэж үздэг. Ийм олон бодлого Монголд хэрэггүй шүү дээ?

-Нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй явж ирсэн учир ийм олон замбараагүй бодлого, төлөвлөлтүүдээр бидний нийгэм чиглүүлж байна. Иймээс хэт либерал бодлого явуулсан учир наад захын Хятадын компани Монголд шууд орж ирээд, малчнаас малыг нь худалдаж аван, Монголын үйлдвэрүүдэд боловсруулж, Хятад руу экспортлож байна.

Энэ нь Монгол улсын худалдааны алдагдал, үр ашиггүй байдал, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжгүй байдлыг үүсгэсэн. Үүнээс  улбаалж иргэдийн нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй байна.

-Шинэ он гарлаа. Цаашдаа Монгол улсын нийгэм-эдийн засаг, иргэдийн аж амьдрал ийм дорой байдлаараа байгаад байх уу, эсвэл ямар нэгэн зоригтой, зөв алхам хийх юм уу?

-2020 оноос эхлээд эрх зүйн хувьд өөрчлөлт орсноор Монгол улсад эрс өөрчлөлт явагдана. Монгол улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ. Нэгдсэн төлөвлөлтэй болно. Ер нь өндөр хөгжсөн азийн орнуудын жишгээр хөгжих суурь бололцоо нь Монголд бүрдсэн.

Азийн орнуудын хөгжлийг судлаад үзэхэд, хүчтэй төр, нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр илэрхийлэгдэж байна. Хүчтэй төрөө дэмжсэн хувийн хэвшилтэй байж тэр улсууд амжилтанд хүрчээ. Тиймээс бид ийм төр, нийгмийг байгуулахын тулд бүх реформыг хийхээс өөр аргагүй болж байна.

-Хүчтэй төр, хөгжлийн нэгдсэн бодлого гэж улс төрийн хүрээний хүмүүс их ярих юм. Хамгийн чухал нь төр, ард түмнээ удирддаг хүмүүс зөв сэтгэл, зөв оюун ухаантай байж чадвал заавал эрх зүй болон бодлогын реформ хийх шаардлага байгаа юм уу?

-Монголын нийгэмд хэн эрх мэдэлтэй байна, хэн мэдээлэлд ойр байна тэр хүмүүс өндөр ашиг олж амьдарч байна. Энэ нь уралдаан тэмцээн шиг өдийг хүртэл явж ирлээ. Хэрэв бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үзэл баримтлалд нийцсэн байдлаар өөрчилж чадвал Монголын нийгэмд байгаа энэ бүх буруу, дорой үйлдэл байхгүй болно. Тийм учраас одооноос төрийн байгууллагуудын реформ хийж байна. Удахгүй шүүхийн, эдийн засгийн, нийгмийн реформуудын шинжтэй өөрчлөлтүүдийг хийхээс өөр аргагүй болж байна.

Үүний тулд эхлээд бодлого нь тогтвортой байх ёстой. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, хуулиа хэрэгжүүлдэг институцийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм. Ингэж бүрдүүлсний дараа үнэнч шударгаар ажиллах албан хаагчидтай болж, энэ бүх асуудлыг цэгцэлж чадна. Одоо 2020 оны 1-р сараас эхлэн реформыг хийж эхлэж байна.

-Монгол улсын хөгжлийн бодлого, Үндэсний хөгжлийн газрын 2020 оны гол тэмүүлэл юу байна вэ?

-2020 онд бидэнд маш том мөрөөдөл бий. Нэгд, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж, УИХ-д батлуулах ёстой. Энэ бодлогыг батлуулахад Үндэсний хөгжлийн газрын оролцоо их чухал юм. Хоёрт нь, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг батлуулах асуудал байна. Цаашид Монгол улс нэгдсэн бодлого төлөвлөлтэй байх шаардлагатай. Иймээс бид хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд манай улсад хөрөнгө оруулалтын орчинд гарсан нэг том алдаа байдаг. Энэ бол баялгаар талцсан хөрөнгө оруулалтын бодлого юм. Үүнийг бид өөрчилнө. Дараа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг дэмжинэ. Жишээ нь, Өмнөд Солонгос улсад эдийн засгийн хямрал болоход үндэстэн дамнасан “Самсунг” корпораци энэ хямрлаас аварч, гаргасан.

Тиймээс Монголд “Самсунг” шиг 10 компанитай болгох мөрөөдөл бий. Энэ бүхний суурийг тавихын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах ёстой. Одоо Үндэсний хөгжлийн газар нь судалгаагаа хийж байгаа. Бид сонгуулийн дараах УИХ-д судалгаа, бодлогуудаа өргөн барина.

-Монгол улсын хөгжлийн бодлогын талаар ярилцсан танд талархаж байна. Амжилт хүсье.

Б.БАЯРМАА



Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here