Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар өнөөдөр мэдээлсэн. Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсын “Пома” группийн төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцсон бөгөөд төслийг Францын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх аж.
Агаарын дүүжин зам буюу кабел машин гэж юу вэ?
Агаарын дүүжин замын тээвэр нь өндөрт байрлуулсан кабел утас ашиглан явах тээврийн хэрэгсэл юм. Үүнийг ихэвчлэн кабелийн машин (cable car) гэж нэрлэдэг бөгөөд өндөрлөг уулын оройд хүрэх, хавцал болоод үргэлжилсэн ойг гатлах, уул уурхайн олборлолт, хүн ам шигүү суурьшсан бүсийг богино хугацаанд туулах зэрэгт ашигладаг байна.
Кабел машиныг дотор нь:
- Агаарын трамвай
- Суудалт өргөгч
- Фунител
- Цанын өргөгч
- Гондола өргөгч зэргээр ялган нэрлэж ашигладаг бөгөөд Улаанбаатар хотод хэрэглэх боломжтой төрөл нь Агаарын трамвай ба Гондола өргөгч юм.
Агаарын трамвай болон Гондолаг ихэвчлэн богино зайд юмсыг хурдтай зөөхөд ашигладаг бөгөөд буудал хоорондын зай хол байх тусам ашиг багатай удаан болдог байна. Трамвайн кабин буюу бүхээг нь кабелтайгаа “салгах боломжгүй” хавчаараар холбогддог аж. Тээвэрлэгчийн зам нь ихэвчлэн нэг эсвэл хоёр кабелийн утаснаас тогтдог. Гэхдээ хоёр тулгуур нэг дамжуулагч кабелтай зам ч бий.
Ихэнх агаарын трамвай нь сууж яваа хүний аюулгүй байдлыг бодолцох үүднээс 30-50 км/цаг хурдтай. Кабины хэмжээнээс шалтгаалаад суух хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд доод тал нь 6 хүний багтаамжтайгаар хийдэг. Мөн кабины тоо хэд байхаас шалтгаалж нэг чиглэлд явах хүний тоо ч хязгаартай. Тухайн кабелийн хүчин чадлаас шалтгаалан нэг чиглэлд цагт 1000-3500 гаруй хүнийг тээвэрлэх чадвартай агаарын трамвай байдаг.
АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР АШИГЛАДАГ ДЭЛХИЙН ЗАРИМ УЛС
Жишээ нь АНУ-ын Портленд хот дахь агаарын трамвай нь нэг удаадаа хоёр кабин ашиглан 79 хүн тээвэрлэх чадалтай ба цагт 36 км хурдалдаг, 1 км урт замтай. Трамвайн аюулгүй байдлыг хангахын тулд цахилгаан тасалдсан тохиолдолд нэмэлт генератороор тоноглож компьютероор хянадаг байна.
Трамвайн замын өндөр харилцан адилгүй. Тухайлбал ОХУ-ын Нижни Новгород хотод байрлах трамвай 40-80 метрийн өндөрт байрлаж Волга мөрнийг гаталдаг аж.
Агаарын трамвайн нэг км замыг 10-40 сая ам.доллараар хийдэг бөгөөд Цельсийн +50 градусаас -40 градус хүртэлх температурт тэсвэртэйгээр хийдэг байна. Дэлхийд Колумб, Болив, Англи, Хонконг, Сингапур, АНУ тэр дундаа Калифорни, Аляск, Орегон мужид, Грек, Алжир, Орос, Бразил, Хятад, Швейцар зэрэг орнууд агаарын трамвай ашигладгаараа алдартай.
Францын “POMA” компанийн хувьд энэ чиглэлээр мэргэшсэн дэлхийн хоёр том байгууллагын нэг бөгөөд 1936 онд байгуулагдсанаасаа хойш 750 гаруй үйлчлүүлэгчид 7800 орчим зам, кабин, төхөөрөмж суурилуулж, хийж өгчээ. Тэдний цорын ганц өрсөлдөгч нь Австри, Швейцарт төвтэй “Doppelmayr Graventa Group” юм. Гравента групп нь Пома компаниас ч олон жилийн түүхтэйн дээр 2019 оны байдлаар дэлхийн 96 оронд 11000 орчим төхөөрөмж суурилуулаад байна.
Эх сурвалж: Theguardian.com, Dopplemayr.com, Poma.net, Gondolaproject.com http://gogo.mn/r/y6kgd А.Эрхэмбаяр