Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд өргөн барьсан билээ.

Засгийн газрын хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан байна.

Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол мөн хамрагдах аж.  Мөн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан гэдгийг онцлон мэдээлж байна.

Түүнчлэн тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан байсан ч зээлийг нь тэглэхээр хуулийн төсөлд тодорхой хуульчлан заажээ.