Боловсролын байгууллагын хамгийн өргөн цар хүрээ бүхий www.network.mn вэб сайтаас уншигчдадаа “Хэл сурахад тань хүч нэмье” цуврал ярилцлагуудыг бэлтгэн хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн ярилцлагын зочноор Mongolian Extensive Reading Association байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, мөн IELTS институтийн багш Д.Сумьяа оролцож, хэрхэн сайн уншигч болох талаар болон Англиар ном уншихын давуу талын талаар өөрийн туршлагыг хуваалцлаа.
Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
– Сайн байна уу. Хүсэлтийг маань хүлээн авч туршлагаа хуваалцахаар болсонд баярлалаа. Өөрийнхөө хэл сурсан туршлагаасаа манай уншигчдад хуваалцаач?
– Баярлалаа. Намайг Д.Сумьяа гэдэг Англи хэлний багшаар 9 дэх жилдээ ажиллаж байгаа. Англи хэлийг сурч байгаа хүмүүст зориулсан сурвалжлага учраас өөрийнхөө туршлагыг эхлээд ярья.
Миний хувьд Англи хэлийг анх сурахдаа бусадтай адилхан A,B,C гээд л сурах бичгээр сурсан. Оюутан болоод Англи хэлний багшийн ангид ороод 2 дугаар курсээ төгсөх жил анхан дунд шатнаас дээшээ ахихгүй байгаагаа мэдэрч эхэлсэн. Тэгээд 3 дугаар курсийнхээ намар жилийн чөлөө авч,энэ хугацаандаа хөдөө сургалтын төвд туслах багшаар ажиллаж байсан. Миний ажиллаж байсан сургалтын төвд “Азийн хөгжлийн сангаас хандивлав” гэсэн тамгатай номнууд байдаг байсан л даа. Тэр номнуудаас уншиж эхлээд өөрийгөө англиар уншаад ойлгох хэмжээний болсон байна гэдгээ мэдэж авсан байдаг юм. Тэрнээс хойш 11 жил тасралтгүй Англиар ном уншиж байна. Байнга Англиар ном унших болсон маань тэр үеэс эхлэлтэй.
Англиар уншиж эхэлснээсээ хойш ерөөсөө ойлгодоггүй байсан дүрмүүдээ ойлгож авсан. Үгийн сан маань огцом нэмэгдсэн. Яг л хар цагаанаар кино үзэж байгаад өнгөтөөр кино үзэж байгаа юм шиг болсон л доо.
Тухайн үедээ хэлний ерөнхий мэдлэг маань ном уншаад сайжирч байгааг мэдээгүй зүгээр л өөртөө сонирхолтой номоо монголоор уран зохиолын ном уншиж дуусгадаг шиг л уншиж эхэлсэн.
Тэр жилийнхээ хавар жуулчдын багт тогоочоор ажиллаж байхдаа өөрийгөө англи хэлээр чөлөөтэй ойлгодог болсноо мэддэг болсон. Энэ маань өвөл, хавар, намрын 6-7 сарын хугацаанд Англиар ном уншсантай маань холбоотой байсан. Хэлний маань түвшин 3-4 дахин дээшилсэн байсан. Жилийн чөлөө авсан тэр хугацаа маань санамсаргүй байдлаар өөрийн хэл сурах хамгийн тохиромжтой аргаа олоход маш их нөлөөлсөн. Тэр нь ерөөсөө Англиар унших байсан.
– Зарим хүмүүс “Би ерөөсөө хэл сурах авьяасгүй” гээд ярьдаг шүү дээ. Та үүнтэй хэр санал нийлэх вэ? Авьяасгүйдээ байна уу? Анхаарал хандуулахгүй байгаадаа байна уу?
– Хүмүүсийг хэл сурах авьяас байдаг байдаггүй гэж ярихаар гайхаад байдаг юм л даа. Миний хувьд хэл сурах нь авьяастай байхтай ямар ч холбоогүй. Харин тухайн хүний эх хэлээрээ хэр их уншдаг байсантай холбоотой гэж боддог.
Ер нь өөрийнхөө хувийн туршлагаас харахад эх хэлээрээ байнга ном уншдаг хүмүүс гадаад хэлийг сурахад илүү хурдтай байдаг юм байна гэж анзаарсан.
Хэл сурах авьяас гэж хүмүүсийн яриад байгаа зүйл нь зүгээр л эх хэлээрээ маш их үгийн сантай, байнга уншдаг, бичих чадвартай байгааг л хэлээд байгаа юм болов уу гэж боддог.
– Таны магистрын ажлын сэдэв их анхаарал татсан. Яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ?
– Жилийн чөлөө авсан байх хугацаандаа Англиар ном уншсан гээд ярьсан шүү дээ. Тэр үед миний уншсан зохиолууд гадаадын сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан номнууд байсан. Өөрөөр хэлбэл тэдгээр номнууд нь ерөөсөө хялбаршуулсан зүйл байгаагүй, янз бүрийн түвшний номнууд байсан. 2012 онд гэж санаж байна. Нэг сургалтын төвд багшилж байхдаа дөнгөж хэл сурч эхэлж байгаа хүмүүст зориулсан хялбаршуулсан ном байдгийг анх харж байсан. Тухайн үед харсан ном маань Жеклондоны “Цагаан соёот” гээд зохиол байсан юм. Тэгээд хялбаршуулсан унших бичгээр дамжуулаад дөнгөж хэлж сурч байгаа хүмүүсийн хэлний чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар судалж эхэлсэн. Хялбаршуулсан номнуудыг сонсдог аудио хувилбар гэж байдаг. Энэ нь тухайн зохиолыг аудиогоор буулгасан байдаг бөгөөд ямар зохиолоосоо хамаараад эгзэгтэй үйл явдал буюу сонирхолтой хэсгүүдэд нь дуу авиа гардаг. Тэгээд хялбаршуулсан сонсдог номыг ашиглаад хүүхдүүдийн сонсох чадварыг нь яаж хөгжүүлж болох вэ гэсэн сэдвээр магистрын ажлаа бичихээр шийдээд 2016 онд магистрын ажлаа хамгаалж байсан.
– Судалгааны ажлынхаа үр дүнгээс хуваалцаач. Ямар өөрчлөлт, шинэ зүйл ажиглагдаж байв?
– Би судалгааны ажлынхаа хүрээнд 2015 оны 9 дүгээр сарын 1-ээс 2016 оны 5 дугаар сар хүртэл буюу бүтэн жилийн турш 12 Орос оюутантай ажилласан байгаа. Оюутнууд маань жилийн турш унших номынхоо жагсаалтыг гаргаад, уншсан номоо надад ярьж өгдөг байсан. Эндээс хялбаршуулсан унших бичгээр дамжуулж ярих чадвар, сонсох чадвар хоёр дараагийн түвшинд хэрхэн гарч болдог вэ гэдгийг судалсан. Миний хувьд унших чадварын хичээлийг заадаг байсан учраас унших материалынх нь жагсаалтыг өгөөд уншсан номных нь талаар асуултыг бэлдээд өгчихдөг байсан. Ингээд нөгөө хүүхэд маань уншсан номоо ярих гээд ирэхэд тэрийг нь аудиогоор бичээд авчихдаг. Ингээд дараа дараагийн саруудад нөгөө оюутны маань асуултад хариулж байгаа хурд нь хэрхэн нэмэгдэж байгааг тэмдэглээд явдаг байсан. Орос оюутнуудаас маань хамгийн сайн сайжирсан нь Никита гээд оюутан байсан. Тэр оюутан маань анх минутанд 40 үг уншдаг байсан. Тэгээд уншсан номоо аудиогоор сонсож эхэлснээс хойш асуултад хариулах байдал нь илүү хурдтай болж, минутын уншлагын тоо нь 120 болж 3 дахин нэмэгдсэн.
Анх бол оюутнууд маань асуултад хариулахдаа өгүүлбэрийнхээ бүтцийг бодоод их удаан бодож хариулдаг байсан бол сүүлдээ хариулах байдал нь сайжирч, илүү хурдтай болж эхэлсэн. Үүгээр зогсохгүй хавар гэхэд оюутнууд маань зөвхөн уншсан, сонссон номныхоо талаар шууд өөрсдөө ярьдаг болж эхэлсэн. Энэ маань өөрөө миний ажиглаж байсан зүйлийг улам баталж өгч, судалгааны ажлыг маань амжилттай болгож өгсөн.
-Таны хувьд ном унших дадалтай байсан болохоор хэл сурахад Англиар ном уншихад их сонирхолтой байсан гэсэн шүү дээ. Ер нь унших гэж буй номоо хэрхэн сонгодог байв, сард хэр их ном уншдаг байсан бэ?
– Миний хувьд би сард, эсвэл жилд тэдэн ном уншина гэж зорилго тавьдаггүй байсан. Зүгээр л өөрийн сонирхлоороо “Би яг энэ зохиолыг уншина” гээд төлөвлөчихдөг. Номоо хаанаас уншдаг байсан бэ гэхээр https://www.goodreads.com вэб сайт байдаг. Энэ вэб сайтын хувьд уншсан номныхоо талаар тэмдэглэлийг хөтөлдөг, номынхоо талаар сэтгэгдэл бичих боломжтой байсан. Энэ сайт дээр уншсан ном болон уншихыг хүсч байгаа номынхоо жагсаалтыг гаргаад тэмдэглэчихдэг. Тэгээд тэр номнуудаа хайж олоод,худалдаж авахыг нь аваад уншдаг байсан. Ер нь ихэвчлэн цахимаар киндл дээрээ номнуудаа уншдаг байсан.
– Англи хэлийг дөнгөж эхэлж сурах гээд өөрийн арга барилаа олохгүй явж байгаа залуучууд маш их байгаа. Тэдгээрт залуучуудад зориулаад зөвлөгөө өгөөч.
– Магадгүй хэл сурахын тулд ном унших гээд ямар ном уншихаа мэдэхгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй яваа байх. Дөнгөж хэл үзэж байгаа хүмүүсийг түвшингээр нь суурьтай анхан, суурьгүй анхан гэж хоёр ангилж байгаа. Эдгээр хүмүүсийн хувьд эхлээд яагаад би хэл сурах гээд байгаа вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Би үүний төлөө гээд зорилгоо тодорхойлсоныхоо дараа тэр чиглэлийнхээ номыг худалдаж авна. Мэдээж анх уншаад ойлгохгүй. Гэхдээ энэ номыг би жилийн дараа уншдаг болно гэсэн зорилготойгоор эхний алхамаа хийнэ. Өөрөөр хэлбэл зорилгодоо хүрэхийн тулд бүүр доороос нь буюу хэл суралцагчдын хялбаршуулсан уран зохиолоос эхлээд уншиж эхэлнэ гэсэн үг. Хэл суралцагчдад зориулсан уран зохиолын ном нь 80 үгтэй ганц нүүр хүүхдийн үлгэрийн ном байдаг. Хэл сурч буй хүн маань энэ үлгэрийн ном гэж номоо гололгүй өдөрт 20-30 минутыг номоо уншихад зарцуулна. Ингэж явсаар та 10-12 сарын дараа анх сонгож авсан номоо унших хэмжээний болно. Номын сонголтын тухайд ихэнхдээ үлгэр л байдаг бөгөөд энэ нь өөрөө хамгийн оновчтой хувилбар байдаг. Гаднаас нь хараад голмоор боловч тэр үлгэр зохиол дээр байгаа үйл явдлыг л ойлгох чухал.
Тэгэхээр хамгийн хялбар буюу нэг номны нүүрэн дээрээс нэгээс илүү шинэ үг гарахгүй байх тийм л ном сонгож авах хэрэгтэй.
– Тэгвэл номоо хаанаас олох вэ. Онлайнаар унших боломжууд хэр байдаг талаар хуваалцаач?
– Маш олон сонголтууд байдаг. Үнэгүй ч унших боломжууд бий. Тухайлбал, Би сүүлийн үед https://www.wattpad.com/ ашиглаж байгаа. Эндээс үнэгүй ном уншиж болно. Уншсан номынхоо төгсгөлийг үргэлжлүүлэн бичиж болдог давуу талтай. Ер нь хялбаршуулсан зохиолыг өнгө дүрсний чанартайгаар уншья гэвэл цахимаар номын санд бүртгүүлээд жилийн хураамжаа төлөөд унших боломж бас байгаа.
Энэ нь бид нар Д.Нацагдоржийн номын сан ч юм уу эсвэл өөр нэг номын санд карт нээлгээд очиж ном уншдагаас юугаараа ялгаатай вэ гэхээр заавал очих шаардлагагүй цахимаар хураамжаа төлөөд хаанаас, хэзээ ч хамаагүй уншиж болдог. Жишээ нь, https://xreading.com/ гэж цахим номын сан байдаг. Энд 80 үгтэй анхан шатны хүүхдийн үлгэрийн номноос эхлээд 30 гаруй мянган үгтэй сонгодог зохиолууд байдаг. Жилийн төлбөрийг төлөөд хүссэн хэмжээгээрээ, ямар нэг цагт баригдахгүйгээр өөрийн сонирхсон номыг онлайн орчинд унших боломжтой. Тэгэхээр би хөдөө гадаа, автобусан дотор, гэртээ орон дээрээ хэвтэж байхдаа гээд хаанаас ч хэзээ ч хамаагүй ороод дуртай номоо уншиж болно.
– Дөнгөж Англиар ном уншиж эхлэх гэж байгаа. Магадгүй бидний ярилцлагыг сонсоод Англиар ном уншиж эхлэхээр төлөвлөж байгаа залуус байхыг үгүйсгэхгүй. Эдгээр хүмүүсдээ зориулаад аль сайт нь илүү тохиромжтой талаар зөвлөөч?
– Хэрэв дөнгөж Англиар ном уншиж эхлэх гэж байгаа, эсвэл дунд түвшинд байгаа бол Xreading цахим номын сан илүү тохиромжтой. Өөртөө мастер төлөвлөгөө зохиогоод тэндээс бага багаар уншиж эхлэх хэрэгтэй. Бодит жишээ гэвэл 6 сарын дотор xreading.com -оос ном уншаад 2,3 түвшин ахисан хүн бий. Тэгэхээр хамгийн гол нь яг яах гэж сурах гэж байгаа вэ гэдэг зорилгоо зөв тодорхойлоод бусдад биш, өөртөө цаг гаргаж сурвал үр дүн нь дорхноо гарна.
Нэмж хэлэхэд Xreading.com маань багш, сурагч хоёр нэг платформд холбогддог суралцагч багшийн удирдлага дор уншдаг вэб сайт байгаа. Суралцагч маань анх 80 үгтэй хүүхдийн ном уншаад тэрний талаар сэтгэгдлээ бичдэг. Багш тэр суралцагчийг ямар ном уншиж байгааг онлайнаар харах хянах боломжтой. Мөн суралцагчийн номынхоо талаар бичсэн сэтгэгдлийг уншаад өөрийнхөө сэтгэгдлийг эсвэл дүрмийн алдаатай бичсэн байвал тэрийг нь засаад өгдөг. Яг л фэйсбүүк постны дор коммент бичдэгтэй адилхан. Тэгэхээр суралцагч маань өөрийнхөө алдааг харж түүнээсээ суралцахаас гадна дараа дараагийн сэтгэгдлээ бичихдээ, номоо уншихдаа илүү бодож унших зуршилтай болдог.
– Таны хувьд ямар түвшний суралцагчдад хичээл ордог вэ? Хүүхдүүдтэйгээ ямар арга барилаар ажиллаж байна.
– Миний хувьд одоо анхан дунд түвшнийхөнд 4 сар ерөнхий Англи хэл заагаад тэгээд гадаад багшийн IELTS-ийн стратеги анги руу оруулдаг. Тэгэхээр ерөнхий Англи хэлний анхан дунд, дунд, ахисан дунд түвшний хичээлийг заадаг. Одоо хичээл орж байгаа ангиас маань 17 хүүхэд xreading.com дээр миний ангид байдаг. Миний ангид байдаг гэдэг нь би өөрөө энэ сайт дээр багшийн админ эрхтэй. Хүүхдүүд маань номоо уншиж дууссаныхан дараа 7 хоног бүрийн Лхагва гарагт би админ эрхээрээ ороод сурагчдийнхаа бичсэн сэтгэгдэлтэй танилцаад, засахын засаад, асуулт үлдээх нэгэнд нь асуулт үлдээдэг. Ингээд хүүхдүүд маань багшийн бичсэн шүүмжийг уншдаг.
/Та бүхэн ярилцлагыг подкаст хэлбэрээр мөн сонсох боломжтой шүү/
-Энэ арга маань хэр үр дүнтэй байгаа вэ. Суралцагчийн сонирхолыг хэр их татаж байна?
-Оюутнууд маань дүрмийн алдаагаа засуулахаасаа илүүтэйгээр асуултад хариулах их дуртай байдаг. Уншсан номныхон талаар “Яагаад энэ дүр тийм шийдвэр гаргасан юм бол” гэх мэт асуулт асуугаад байвал тэрэндээ хариулахдаа их урамшдаг юм байна лээ. Нэг оюутан маань 3 дахь өдрийг тэсэн ядан хүлээдэг гэж ярьж байсан. Тэгэхээр энэ арга маань багшид, нөгөө талаар суралцагчид ямар нэгэн дарамт болохгүй байгаа учраас үр дүнтэй гэж харж байна. Гарч байгаа бодитой өөрчлөлтүүдээс жишээ татвал нэг оюутан маань цэгийн араас үгээ томоор бичдэггүй байсан. Тэр алдааг нь дэвтэр дээр нь бичээд өгөхөд засдаггүй байсан бол энэ цахим номын санг ашигласнаас хойш нөгөө сэтгэгдэл доор нь комментоор бичингүүт дахиж тэр алдаагаа гаргахаа больсон.
– Xreading.com дээр бүртгүүлж ном бие дааж уншихаар сонирхож байгаа залуучууд нэлээдгүй байгаа байх. Эдгээр залуучууд маань хэрхэн бүртгүүлэх вэ? Багштайгаа яаж мэдэж холбогдох боломжтой вэ?
– Xreading.com цахим номын санг анх Японд багшилдаг Англи хэлний багш санаачилсан.. Санаачлах болсон шалтгаан нь тухайн сургуулийн номын санд нэг ном тухайлбал, “Ромео ба Жульетта” гэдэг ном хялбаршуулсан хэлбэрээрээ 40 ширхэг байдаг. Гэтэл энэ маань нэг ангийн 80 хүүхдэд хүрэлцэхгүй байсан байна. Тэгээд бүх хэвлэлийн газар, зохиогчоос нь зөвшөөрөлавч, цахим номын сандаа төвлөрүүлээд багшийн хяналттай болгож өгсөн. Тодруулбал, багш оюутнуудаа минутанд хэдэн үг уншиж байгаа, ямар сэтгэгдэл бичиж байна, нэг номыг хэдий хугацаанд уншиж байна, хэддүгээр түвшний ном уншиж байна, аль ном нь таалагдаад, аль нь таалагдахгүй байна, аль ном нь илүү их хэрэгтэй ном байна гэдгийг өөрөө хянах боломжтой болгож өгсөн байгаа юм. Үүгээр зогсохгүй Японы их, дээд сургуулийн оюутнуудын заавал үзэх ёстой хичээлийнх нь хөтөлбөрт хүртэл оруулаад өгсөн байгаа юм. Манайд энэ xreading.com-ийг оруулж ирсэн албан ёсны байгууллага нь Лингорс компани юм. Тус компанийн талаарх мэдээллийг lingors фэйсбүүк пэйж хуудас, Extensive Readers in Mongolia фэйсбүүк группээс авах боломжтой.
– Xreading цахим номын санд шинээр бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийн тухайд https://lingors.com/ гэсэн цахим хуудас руу ороод цахимаар бүртгүүлэн, данс руу нь төлбөрөө хийж бүртгүүлж боломжтой. Харин багшийн удирдлага дор унших, өөрөө бие даан унших нь тэр хүний сонголт. Хэрэв багшаар удирдуулж явья гэвэл тухайн багшийнхаа нэрийг бүртгэлдээ бичиж өгөх ёстой.
– Төлбөр нь хэд байдаг вэ? Сар, жил гээд ямар хугацаагаар эрх авах боломжтой байдаг вэ?
– 12 сар буюу нэг жилийн эрх нь одоогоор 100,000₮-өөс хямдраад 80 000₮ , 6 сар унших эрх нь 60,000₮, 3 сарын эрх нь 45 000 төгрөг, 1 сарын эрх нь 30 000₮ үнэтэй байдаг. Хамгийн гол зүйл нь хэрэглэгч энэ эрхээрээ хэдэн ч ном уншиж болно. Өнөөдрийн байдлаар xreading.com-д 21 хэвлэлийн компанийн 1028 ном цахимаар байршиж байна. Ихэнхи ном нь аудиотой.
– Бүртгүүлсэн мөртлөө зав гаргаж чадахгүй эсвэл хаанаас ямар номноос эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгөөч?
– Ерөнхий бие даан унших ангийг сонгосон хүмүүст энэ асуудал тулгарч байж магадгүй. Тэгэхээр амталгаат худалдаа гэдэг шиг номоо хамгийн бага түвшнөөс нь амталж үзнэ. Би өөрөө анхан шатны түвшинтэй гэдгээ хэрэв мэдэж байгаа бол анхан шатны номноосоо гурван ном сонгоод уншиж үзэх хэрэгтэй.
Дийлэнхи хүмүүс мэдэхгүй үг буюу шинэ үг олон тааралдаад ирэхээр унших сонирхол нь буурчихдаг шүү дээ. Ийм тохиолдолд гарын таван хурууны дүрмийг ашиглана.
Энэ нь нэг нүүр унших зүйлд хоёроос илүү шинэ үг гарахгүй байх гэсэн үг. Хэрэв хоёроос олон мэдэхгүй үг гараад тэрийгээ өгүүлбэрээс нь ухаж ойлгож чадахгүй байх юм бол тэр номыг уншихад хүндрэлтэй байна гэж үзнэ. Өөрийнхөө түвшинг яаж тогтоох уу? Би аль номыг сонгох уу гэхээр гарын 5 хурууны дүрмээрээ явна. Уншиж эхлэхэд нэг нүүрэн дээр 2-3 шинэ үг байвал таны түвшинд таарсан ном байна гэж үзнэ. Түүнээс их шинэ үг гарвал үр дүн муу гарна.
Уншсаар байгаад үгийн сан, ойлголт хөгждөг энэ аргыг олон улсад Extensive reading гэдэг. Википедиа дээрээс харвал сүүлийн үеийн гадаад хэл сурах хамгийн тренд болж буй аргаар энэхүү аргыг нэрлээд байгаа. Энэ маань зуршилтай нь холбож хэлний чадварыг дээшлүүлэх арга юм. Нүдээрээ харж уншихаас илүүтэйгээр сонсоод илүү төвлөрдөг хүмүүст зориулж цахим номын сан маань сонсдог хувилбартай. Тэгэхээр уншихыг нь нээж байгаад давхар сонсоод явах боломжтой. Ингэснээр зарим үгийн дуудлага дээр эргэлздэг байсан бол тэр эргэлзээ тань арилна. Үүнээс гадна хамгийн чухал нь зөв бичих суурь чинь болж өгнө.
– Унших дадлыг өөртөө суулгах гээд амжилтгүй болоод байгаа хүмүүсийн тухайд яавал зүгээр вэ?
– Унших дадалтай угаасаа байнга ном уншиж байдаг хүмүүс нэг хэсэг нь байхад байхад нөгөө талаар уншихаасаа илүү видео үзэх сонирхолтой хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс унших дадлыг өөртөө суулгахын тулд өдөрт хамгийн багадаа 10 минут, дээд тал нь 30 минут уншвал тохиромжтой. Англи хэлний багш нар хэл заахдаа ихэвчлэн дүрмээс эхэлдэг.
Миний ажигласнаар Англи хэлээр эхлээд хялбаршуулсан зохиол уншаад сурсан хүмүүст дүрэм заахад дүрмээ хүлээж авах нь илүү хурдан байдаг.
Энэ нь логик ойлголт сайтай буюу Англиар сэтгэх чадвартай болсон байдаг гэсэн үг л дээ. Нэгэн судалгааны ажлын дүгнэлт дээр “Монголоор сэтгэдэг хүмүүс Англиар сэтгэж ярьдаг болохын тулд Англиар унших хэрэгтэй” гэж бичсэн байсан. Одоо ингээд бодохоор тэр үг биеллээ олсон байна.
– Монголд Англиар унших замаар хэл заадаг сургуулиуд хэр их байдаг вэ?
– Монголд энэ Extensive Reading аргачлалыг хэрэгжүүлэх чиглэлээр сургууль, сургалтын төвүүд харьцангуй нэмэгдэж байгаа санагдаж байгаа. Мөн Extensive Reading аргалчлал болрн Xreading цахим номын сангийн институтын эрхээр сургууль, сургалтын төвүүд нь Лингорс компанитай гэрээ хийгээд хичээлээс гадуур уншлага болгож явуулах чиглэлээр хамтран ажилладаг. Моngolian Extensive Reading Association маань тус аргачлалыг хэрэгжүүлж буй сургууль, сургалтын төв, холбогдох байгууллагуудад сургалт зөвлөгөө өгч ажилладаг. Хамтран ажиллаж буй сургуулиудын хувьд сар болгон хамгийн шилдэгч уншигч, асуултаа алдалгүй бөглөсөн суралцагч, хамгийн их үг уншсан суралцагч гэх мэтээр хүүхдүүдээ урамшуулах маягаар сертификат олгох, идэвхижүүлэх олон төрлийн арга хэмжээг явуулдаг. Нэг сонирхолтой зүйл нь энэ арга маань хүнд ерөөсөө дарамт болохгүй. Ямар нэг даалгавар гүйцэтгэж байна гэж суралцагч ойлгодоггүй. Яагаад гэвэл уншиж байгаа сэдэв нь танин мэдэхүй, уран зохиол гэх мэт төрөл бүрээс байгаа учраас өөрт нь сонирхолтой байдаг. Xreading цахим номын санд саяханаас нэг функц нэмэгдсэн. Өмнө нь оюутан уншсан номынхоо талаар сэтгэгдэл бичихэд багш түүнийг нь уншдаг байснаас биш, сэтгэгдэл дээр буцаж асуулт асуух боломжгүй байсан. Энэ боломж сая өнгөрсөн 5 дугаар сард нэмэгдсэн. Тэгэхээр одоо сургуулиуд хэрвээ ашиглаж эхлэх юм бол хүүхдүүдийнхээ бичих чадварыг хөгжүүлэх боломж бас нэмэгдсэн байгаа. Англи хэлний багш нарт зохион бичлэгийн маш олон дэвтэр цугладаг шүү дээ. Тэгэхгүйгээр богинохон хугацаанд цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр хүүхдүүдийн сэтгэгдлийг уншаад багш нэмэлт асуулт асуугаад харилцан яриа онлайнаар үүсгээд явбал тухайн хүүхдэд унших урмыг өгөх боломжтой.
Миний хувьд суралцагчдынхаа бичих чадварыг хөгжүүлнэ гэдэг зорилгоор ашигладаг.
Таны удирдлагад суралцаж буй суралцагч Лингорсын “Шилдэг уншигч”-аар шалгарсан гэсэн баяр хүргэе. Шавийнхаа талаар яриач?
-Өнгөрсөн өвөл 11 дүгээр сард нэг суралцагч нэмэгдэж байсан. Гэхдээ яг миний ангид танхимд суудаггүй. Бид хоёр онлайнаар холбогдоод харилцан ярилцсаны үндсэн дээр нөгөө суралцагч маань орой болгон уншсан номынхоо талаар надад ярьж өгдөг байсан. Энэ суралцагчийн тухайд анхан шатнаас эхэлж байгаа мөртлөө маш эрч хүчтэйгээр уншиж эхэлсэн. Цахимаар ном уншиж эхлээд эхний долоо хоногтоо 12,000 мянган үг уншчихсан байсан. Үг гэдэг нь цахим номын сан маань тоолууртай, суралцагч болон багшийн хяналтын хэсэгтэй байдаг л даа.
Өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар үр дүнг нь харахад 11 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл нийт 600,000 гаруй мянган үг уншсан байсан. Тэгээд “Шилдэгч уншигч” болсон. Орой болгон холбогдож уншсан номынхоо талаар ярьдаг байсан нь магадгүй энэ суралцагчид маань урам зориг /мотиваци/ өгч, шилдэгч уншигч болоход нь нөлөөлсөн байх.
-Мотиваци гэснээс таны хувьд урам зориг өгч, өнөөдрийг хүртэл сайн уншигч байхад тань нөлөөлсөн хүн хэн бэ?
-Би энэ хүн шиг болно гэж ухамсартайгаар хэн нэгнийг даган дуурайж байгаагүй юм байна. Сүүлийн үед хүний хөгжлийн номнууд уншдаг болоод байгаа. Анх уншихад их хэцүү байдаг байсан. Яагаад гэхээр надад яаж амьдрахыг минь заагаад байгаа юм шиг санагддаг байсан л даа. Ер нь бодоод үзэхээр уншиж байгаа номынхоо дүрээс амьдралдаа хэрэгжүүлж болох сургамжийг авдаг юм байна. Тэгэхээр уншиж байгаа ном маань надад их нөлөөлдөг.
– Англиар ном унших нь IELTS,TOEFL өгөхөд хэр нөлөөлдөг вэ?
– Шууд нөлөөтэй. Гадаад хэл сурч байгаа хүмүүст үгийн сан гэдэг зүйл хүнд асуудал байдаг IELTS, TOEFL өгсөн хүмүүсийн алдаан дээр нь анализ хийгээд үзэхэд ихэнхидээ үгийн сангаа ойлгоогүйгээс болоод алдсан байдаг. Учир нь Монгол эх зохиол уншиж ойлгодог шигээ тэр текстээ ухаж ойлгож чадаагүйгээс болоод алдсан байдаг. IELTS-н шалгалтад ахисан түвшний унших бичиг ирж байгаа. Гэтэл ахисан түвшин, дунд түвшин хоёрын хооронд дахиад хоёр түвшний ялгаа байдаг. Үгийн сангийн ялгаанаас гадна тухайн үгээ хам сэдэв дотроо буюу өгүүлбэр дотроо ямар утгаар орж байна гэдгийг дүрмээр явсан хүмүүсийн ихэнхи нь бүрэн ойлгоогүй байдаг. Учир нь тэдгээр хүмүүсийн ихэнхи нь үгийг цээжлэхдээ өгүүлбэрээс нь салгаад буюу дангаар цээжилчихдэг. Гэтэл тухайн үг маань өгүүлбэр дотор орохдоо өөр утга санааг илэрхийлдэг. Аливаа үг, өгүүлбэрт орохдоо өөр өөр утгыг илэрхийлдэг гэдгийг хаанаас олж авах вэ гэхээр ном унших явцдаа л олж мэдэх боломжтой. Энэ утгаараа IELTS, TOEFL-т шууд нөлөөтэй.
-Одоо ингээд дүгнэлт хийгээд үзэхээр хэл сурахад хамгийн чухал зүйл арга барилаа олж авах юм байна гэж бодож байна. Таны хувьд хэл сурахад хамгийн тохиромжтой арга юу вэ?
– Эхлээд зорилгоо л тодорхойлох. Би яагаад энэ хэлийг сурах гээд байгаа билээ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал. “Хандах зүг өөрөө тогтоно” гэдэг үг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг зорилгоо зөв тодорхойлоод, зорилго нь тодорхой өөрт нь харагдаж байвал тэр хүмүүс ямар ч арга байсан, сайжрах нь тодорхой. Хамгийн гол нь тухайн хүний өдөрт тутам хийж байгаа зүйлтэй хэл сурч байгаа арга нь заавал холбогдох ёстой. Шавь нараа ажиглаж байхад ихэнхи хэл сурч байгаа хүмүүсийн цикл нь жил хүрэхгүйгээр унтардаг л даа. Яагаад тэгж байгаа юм болоо гэхээр энэ нь тэр хүмүүсийн өдөр болгон хийж байгаа зүйлтэй нь ямарч холбоогүй байдаг эсвэл бусад хүмүүсийг дагаад гадаад хэл сурахгүй бол болохгүй гээд хүрээд ирчихсэн байдаг. Тэгэхээр зорилгоо зөв тодорхойлоод өөрийнхөө хийж буй зүйлтэй уяж холбож өгөх хэрэгтэй.
– Шавь нараа ажиглаж байхад жил хүрэхгүй хугацааны дараа бууж өгөх гээд байдаг гээд ярьсан шүү дээ. Ер нь залуучууд маань бууж өгөхгүй байхын тулд яах ёстой вэ?
– Хил хязгааргүй буюу эх хэлээсээ өөр хэлээр чөлөөтэй уншдаг болохын тулд хүн тодорхой түвшнийг давах ёстой. Далайн эргийн арал дээр амьдарч байгаа хүнд тэр арал руу түрж орж ирэх давалгаа бол маш том асуудал байдаг. Яг үүнтэй адил хялбаршуулсан зохиол уншиж байгаад эх зохиол уншдаг хэмжээний болохын тулд бууж өгөхгүй байх ёстой, өөрийгөө бусдаар хүрээлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөртэйгээ адилхан сонирхолтой ном уншдаг найзуудтай нэгдэх хэрэгтэй. Үүнийхээ дараа хоорондоо чалленж зарлаж, уншсан номынхоо талаар ярилцдаг, эсвэл уншсан номынхоо талаар блог хөтлөх, пэйж хуудас хөтлөх гэх мэтээр өөрийнхөө ахиц дэвшлийг мэдрэх алхамыг хийх хэрэгтэй. Хялбаршуулсан ном бол 2,3 жилээр нөхөрлөх зүйл биш. Та үүнд нэг жилийг л үр дүнтэйгээр зарцуулж чадвал цаашдаа өөрийн хүссэн ном зохиол, best seller болсон номнуудыг Англиар чөлөөтэй уншиж чаддаг болно. Хамгийн гол нь бууж өгөгхгүйгээр энэхүү зорилгодоо хүрэхийн тулд ганцаараа биш, найзуудтайгаа хамтдаа бас зүтгээд үзээрэй гэж зөвлөе дөө.
– Сонирхолтой бас хэрэгтэй маш олон мэдээллийг манай уншигчдад өгсөнд баярлалаа.
– Баярлалаа.