Өнөөдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт нар “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Их Британи, Умард ирландын нэгдсэн хаант улсын засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа.

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулж байсан бөгөөд ИБУИНХУ Европын Холбооноос гарсантай холбогдуулан Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, ИБУИНХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байна.  

Шинэчлэн байгуулж буй Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь “Хууль, дүрэм дагаж мөрдөх”, “шударга өрсөлдөөн”, “нислэгийн аюулгүй ажиллагаа”, “аяллын дугаар хамтран ашиглах”, “түрээс”, “хөөрөлт, буултын слот”, “газрын үйлчилгээ”, “олон төрөлт агаарын тээвэр”, “хүрээлэн буй орчны хамгаалал”, “олон улсын иргэний нисэхийн байгууллагад бүртгүүлэх” зэрэг шинэ зүйлүүд нэмсэн бөгөөд нисэхийн аюулгүй байдлын зүйлд нисэхийн аюулгүй байдлын ажилтнуудыг /In-Flight Security Officer/ зорчихыг зөвшөөрөх, хэлэлцэн тохирогч талууд  тухай заалтуудыг тусгасан.   

ИБУИНХУ-ын талтай өмнө байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид долоо хоногт 2 хүртэлх давтамжтай нислэг үйлдэх, Улаанбаатар-Москва/Берлин-Лондон чиглэлд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн нислэг үйлдэх эрхтэй байсныг дурын агаарын хөлгийн маягаар долоо хоногийн 7 удаагийн давтамжаар зорчигч тээврийн нислэг үйлдэх, дан ачаа тээврийн нислэгийг дурын агаарын хөлгөөр давтамжийн хязгаарлалтгүйгээр нислэг үйлдэхээр тохирсон. Хоёр талын томилогдсон агаарын тээвэрлэгчид Европ болон Төв Азийн доорх цэгүүдэд агаарын тээврийн 5 дугаар эрх эдлэн зорчигч тээврийн нислэг үйлдэхээр тохирсон.

Европ дахь цэгүүд: Албани, Армени, Австри, Азербайжан, Бельги, Босни Герцеговина, Болгар, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц, Гүрж, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд , Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Молдав, Монтенегро, Нидерланд, Хойд Македон, Норвеги, Польш, Португал, Румын, Серби, Словак, Словени, Испани, Швед, Швейцарь, Турк, Украин.

Төв Ази дахь цэгүүд: Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан.

Одоогийн байдлаар ИХБУИНХУ-ын Лондон хотын чиглэлд Монголын талаас зорчигч тээврийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК, дан ачаа тээврийн нислэг үйлдэхээр “Изинис Эйрвэйз” ХХК-иуд томилогдоод байна.

Монгол Улсын Засгийн газар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” шинэчлэн байгуулснаар хоёр орны хооронд шууд нислэг гүйцэтгэхээс гадна Европ болон Төв Азийн орнуудаар дамжин нисэх боломж бүрдэж байна.

Эх сурвалж: ИНЕГ

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!
Please enter your name here