Нийслэлийн Монгол Ардын Намын 35 дугаар Бага хурлаар хорооны гишүүд болон Хяналтын хорооны гишүүдийг сонгов.
Тодруулбал, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны бүрэлдэхүүнийг 279 гишүүнтэй байхаар тогтож, хорооны гишүүдийг дүүрэг бүрээр нууц санал хураалтаар сонгон баталлаа.
Ийнхүү сонгогдсон гишүүдэд Нийслэлийн Монгол Ардын Намын 35 дугаар Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, нийслэлийн намын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, шинэ шатанд гаргаж идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг мөн нууц санал хураалтаар сонгон батлав. Ингэхдээ нууц санал хураалтад хамгийн олон санал авсан 11 гишүүнийг Хяналтын хорооны гишүүнээр баталлаа. Тус хороонд нийслэлийн намын байгууллагын хэмжээнд Монгол Ардын Намын дүрмийн хэрэгжилтийг мөрдлөг болгон хэвшүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Бага хурлаар хорооны гишүүдээ шинэчлэн сонгож, үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа хийлээ. Анхдугаар хуралдааныг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удирдан явуулав.
Хурлын эхэнд 11 хүний бүрэлдэхүүнтэй Тооллогын комиссыг байгуулсан. Үүний дараа Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга болон орон тооны бус дэд дарга, тэргүүлэгчдийг сонголоо.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазар нэр дэвшигчдийг танилцуулж, санал хураалт явуулсан юм.
Тодруулбал, намын хорооны орон тооны дэд даргад Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга Ч.Батзул, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, орон тооны бус дэд даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттөр, НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Батбаяр нарын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Мөн Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 23 тэргүүлэгчийг 100 хувийн саналаар сонгов.