
Эмхэтгэлийг боловсруулахад Дэлхийн Банк, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ. Тус эмхэтгэлд Нийслэл хотын 2020 оны хөгжлийн бодлого, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж, төрөөс, мөн нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийнхээ төлөө, ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл багтсанаас гадна “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”, “ХОТ” бодлого, иргэдэд чиглэсэн ямар төрлийн үйлчилгээ, дэмжлэгийг хаанаас хэзээ авч болох зэрэг иргэдийн хөтөч, туслагч болохуйц мэдээллийг агуулснаараа өмнөх жилийнхээс онцлогтой юм байна.
Энэхүү эмхэтгэл нь Нийслэлийн татвар төлөгч иргэн таны болон нийслэлийн олон аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн үр шимээс бүрдэж байгаа төсвийг юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх талаар нээлттэй мэдээлэл өгч, цаашлаад иргэдийн хяналт, оролцоог дэмжихэд чиглэгдсэн гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү онцлон хэлэв.
Тус иргэдийн төсвийн эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn, www.irgen-tur.mn цахим хуудаснаас татах боломжтой.



